Энэ жилийн жүдо бөхийн улсын аваргад шуугиулж, анхны түрүүгээ хүртсэн шилдгүүдийн нэг нь ОУХМ Ганбаатарын Пунцагцэрэн. Улсын арслан Б.Ганбаатарын хүү тэрбээр аваргын төлөөх барилдаанд Гавьяат тамирчин О.Ууганбаатарыг ялсан юм. Үндэсний бөх, жүдогоор хослуулан барилддаг Г.Пунцагцэрэн сумын заан цолтой.
-Улсын аваргаас анхны түрүүгээ хүртсэнд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Улсын аваргад түрүүлсэндээ баяртай байна. Энэ тэмцээнд 2019 оноос хойш, дөрөв дэх удаагаа оролцлоо.
-УАШТ-д түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байв?
-Яг л өмнөх жилүүдийн адил бэлтгэлээ хийгээд оролцсон. Арай боломжтой жил нь байсан юм болов уу. Аварга болох гэхээсээ илүү өмнөх өрсөлдөгчөө ялъя л гэж бодож барилдсан. Улсын аварга болоод улам хичээх урам авлаа. Бүр их амжилт гаргах нөөц, боломж надад байгааг мэдэрлээ.
-Жүдогоор хэчнээн жил хичээллэж байгаа билээ?
2014 оноос хойш хичээллэж байна.
-Аав тань улсын арслан Б.Ганбаатар. Тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд аав нь хүүдээ юу гэж захиж, зөвлөдөг вэ?
Аав минь яг өөр шигээ санаад байдаг. “Тэгчихгүй, ингэчихгүй” гэдэг. Шүүмжлэх үедээ шүүмжилнэ, урам өгөх үедээ урам өгнө. Хатуу шаардлага тавина. Шаардлагад нь жаахан хүрч чаддаггүй байх гэж боддог. Мэдээж аавынхаа амжилтыг үргэлжлүүлэх, үргэлж баярлуулахыг зорилгүй яах вэ.
-Улсын арслангийн хүү яаж барилдаж, ямар амжилт гаргах бол гээд хүн бүхний анхаарлыг төвд байхаар заримдаа хүнд санагддаг уу?
-Тэгдэг. Ийм мундаг аавтай хүнд олны хүлээлт аягүй өндөр байдаг. Үүнд заримдаа жаахан нервитнэ.
Хүмүүс яг л аав шигээ гарч ирээд ялчих юм шиг боддог. Ялагдахаар “Өө, арслангийн хүүхэд ийм байсан юм уу” гэнэ. Хэцүү шүү дээ. Тэрийг ерөөсөө бодохгүй байх нь чухал юм байна лээ. Хүмүүсийн хүлээлтэд хүрч чадахгүй байгаа л даа. Аавын амжилтын дэргэд миний амжилт гэж юу байх вэ дээ.
-Үндэсний бөхийн бэлтгэл хийдэг үү?
-Сонирхлоороо л гэхээс үндэсний бөхөөр тууштай барилдахгүй байгаа. Долоо хоногт нэг удаа бэлтгэл хийдэг, жүдод хэрэгтэй болов уу гээд. Би сумын заан цолтой. Монгол хүнд хамгийн сайхан спорт бол үндэсний бөх шүү дээ.
Би үндэсний бөхөд дуртай, бүхий л барилдааныг алгасалгүй үздэг. Жүдогийн спортоор тууштай хичээллээд, амжилтын төлөө явж байгаа болохоор цаг, зав төдийлөн болдоггүй.
-Цаашид үндэсний бөхөөр тууштай барилдах уу?
-Барилдана аа. Зав гарсан үедээ сумын заануудын барилдаанд барилддаг. Нэг, хоёрын даваанд унадаг. Сайн барилдвал гурав давдаг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Яг тэр гээд онцлоход хүн бүхнийх адилхан. Мэдээж жүдогоор олимп, дэлхийн медальтан болохыг хүсдэг. Үндэсний бөхөөр улсын цол руу зүтгэнэ. Ер нь өмнөх зорилгоо л боддог.