"Ачлал трейд" ХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээл болон зарцуулалтыг танилцууллаа.
Шинжээчийн дүгнэлт
- "Ачлал трейд" компанийн эмнэлгийн барилгын цогцолбор барих хүрээнд 300 ортой эмнэлэг байгуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн Банкнаас 15 сая ам.долларын зээлийг 10.03%-ийн хүүтэй, 2017 оны аравдугаар сарын 13-наас таван жилийн хугацаатай олгосон байна.
- 15 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрөөс ямар ч төлбөр хийгдээгүй, хүүгийн төлбөрт 6.7 тэрбум төгрөгийг төлсөн байна. Зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны эцсийн байдлаар 51.7 тэрбум, хүүгийн өрийн үлдэгдэл 68.1 тэрбум төгрөг.
- 2 тэрбум төгрөгийг "Ачлал трейд" ХХК-ийн нэр дээрх ХХБ дахь хадгаламж барьцаалсан зээлийг хаахад зориулсан байна. 1.8 сая ам.долларыг "Ц.Энхтуяад олгов" утгаар бэлнээр зарлагдсан гүйлгээнүүд харагдаж буй. Энэ мөнгөний зарцуулалт тодорхойгүй
Энэ талаар УИХ-ын гишүүн асан М.Билэгт, “Бизнес хийгээд хурдан ашиг олохоо бодсон бол оффис,орон сууц барих байсан. Эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулсандаа сэтгэл хангалуун байгаа.
Хөгжлийн Банкнаас авсан зээл нийт 37 тэрбум төгрөг болж байсан. Өнөөдөр нийт 75 тэрбум болгож төлж байгаа. 8 тэрбум нь төлөгдсөн, 66.7 тэрбумын үлдэгдэлтэй. Зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дууссан. Ингээд Хөгжлийн Банк иргэний шүүхэд хандсан.
2023 оны нэгдүгээр сарын 13-нд анхан шатны шүүхийн хуралдаан хийгдсэн. Эмнэлгийн цогцолборыг босгосондоо сэтгэл хангалуун байгаа. Би энэ эмнэлгийг үүрээд аваад явах биш. Япон технологиор баригдсан эмнэлэгт 300 гаруй эмч, мэргэжилтэн ажлын байраар хангагдан ажиллаж байна.
2022 оны арванхоёрдугаар сард үл хөдлөх хөрөнгөөрөө өрөө барагдуулахаар Хөгжлийн Банктай хэлэлцээр хийж байсан юм. Гэтэл олон нийтийн сүлжээгээр Хөгжлийн Банк энэ хүний төслийг өндөр үнээр авах нь гэсэн хардлага яваад дүүжлэгдээд эхлэнгүүт шүүхийнхээ зарчмаар явахаа хэлсэн” гэв.