Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн 100 мянган төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Эдгээр өрхүүдийг сонгохдоо өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн талаар мэргэжилтнүүд хэлж буй.
Тэгвэл иргэд олон нийтийн сүлжээнд хүүхдийн мөнгө олгох асуудал дээр бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна. Ингэхдээ E-Mongolia-д бүртгэгдсэн мэдээлэл худлаа байгааг шүүмжлэхийн хажуугаар, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа эсэхэд эргэлзэж байна.
Цахим сүлжээнд бухимдсан иргэдийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зарим хууль хүний эрхэнд халдан, үндсэн хууль зөрчиж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан.
Тэрбээр, "Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж олгодог болсон. Хүүхдийн хуримтлалыг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгосон. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрөхгүй. Аж байдал, хөрөнгө, гарал үүслээр ялгаварлахгүй гээд Үндсэн хуульд тодорхой заасан байдаг.
Татварын хуулиар 10 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Мөн Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулдаг болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний мэдээлэлд, эд хөрөнгөнд халдах эрсдэл бүрдэж байна. Орлогоо нотолж чадахгүй бол иргэнийг торгох нөхцөл бүрдсэн. Үндсэндээ ийм гурван асуудлаар ҮХЦ-д хандаж байна.
Бид ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй, тэмцээгүй. ҮХЦ-д хуулийн дагуу хүсэлт гаргаж байна" гэсэн юм.