Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Өнөөдөр "Шарын гол" ХК-ийн зээлийг хэлэлцлээ. Уг зээлийг Эрсдэлийн удирдлагын газар эрсдэлтэй, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийгээгүй хэмээн үзсэн ч зээлийг 2018 онд олгожээ.
"Шарын гол" ХК нийт 4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, "Хэрлэн Онон Туул" хэмээх ашиг сонирхлын зөрчилтэй ББСБ-аар гүйлгээ хийсэн гэв. Тус ББСБ нь Батбаатарын хувьцаа эзэмшдэг байгууллага юм. Батбаатар "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байжээ. Тэрээр өнөөдрийн сонсголд ирсэнгүй.
ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулан "Шарын гол" ХК-ийг үүсгэн байгуулжээ. Тус компани ББСБ руу мөнгө шилжүүлснийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мөнгө угаалтын хамгийн түгээмэл хэлбэр гэв.