ОХУ-ын арми зүүн Украинд ээлжит агаарын цохилтоо өгч, үүнд барилга өртсөний улмаас олон хүнд дарагдсан хэрэг Ням гарагт болсон. Нөхцөл байдалтай холбогдуулан Украины ерөнхийлөгч В.Зеленский хүчтэй зэвсэг тус улсад хэрэгтэй байгааг хэлсэн юм.
Харин үүний хариуд Их Британийн ерөнхий сайд Риши Сунак 14 танк болон их бууны тусламж үзүүлэх болсноо мэдэгдлээ. Тодруулбал, Их Британийн ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Украины ард түмэн дайны нүүр үзээд нэг жил болох гэж байна.
Тиймээс ерөнхий сайд тэднийг ялалтад хүргэхийн тулд ийнхүү ээлжит тусламжаа үзүүлж байна” гэж мэдэгджээ. Нөгөөтээгүүр, ОХУ-ын элчин сайдын яамнаас энэ үйлдлийг дайныг улам өдөөх магадлалтай гэдгийг мэдэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш ОХУ-ын агаарын цохилт Киев, Харьков, Одесс, Днипро, Львов тэргүүтэй хэд хэдэн бүс нутгийг онилсон талаар В.Зеленский хэлсэн байна. Үүнээс болж 14 хүн амь эрсдэж, 70 гаруй хүн шархджээ.
SOURCE: VOA