Агаарын бохирдол бидний эрүүл мэндэд ноцтой заналхийлэл учруулж буй тухай судалгааны шинэ дүгнэлт гарсан талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү мэдээллээ. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдол хавдрын өвчлөлийн нэг шалтгаан болж байна. Бүр үхлийн шалтгаан болж байна гэж хэлж болно. Үүнийг бид 2017 оноос хойш буюу сүүлийн таван жилд бусад орны судлаачидтай хамтран хийсэн судалгааны үр дүнгээр нотоллоо. Бусад орны иргэдэд байхгүй хоёр төрлийн элэгний хавдрын мутаци илэрлээ. Энэ бол утааны гамшиг ямар түвшинд хүрснийг харуулж байна” гэлээ. Мөн “Би 2011 онд нэг судалгаа хийж байсан юм. Энэ судалгаагаар цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, 550 мянган тонн нүүрсийг шатаалгүй хэмнэснээр нас баралтыг 14,7-17,5 дахин бууруулах боломжтой гэж үзсэн. Хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг бодис хүний биед мутаци үүсгэх эрсдэлтэй байдаг. Улмаар, амьсгалын зам, зүрх судасны өвчлөл үүсгэж, цочмог үедээ тархинд цус харвах, зүрх хаагдах эрсдэлийг дагуулж байна. Бид жилд элэгний эсийн 1000 гаруй хагалгаа хийдэг. Эдгээр хүний дөрөвний нэг буюу 25 хувь нь утааны улмаас өвчилж байна гэсэн үг” гэсэн юм.
ХЭҮК-ЫН ГИШҮҮН Д.СҮНЖИД: 10 ЖИЛД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч ҮР ДҮН АЛГА
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид утааны төсөвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Сүүлийн 10 жилийн хугацаанд утаанд зарцуулсан төсөв 1 их наяд төгрөг давсан байна. Гэвч хэмжиж болохуйц, бодит үр дүн гараагүй байна. Иргэд эрхээ эдэлье гэж шаардаж, төсвийн зарцуулалтад онцгой хяналт тавих цаг болсон. Эрх бүхий албан тушаалтнуудаас лавлахад “Тодорхой төсөв батлагдсан. Агаарын чанарыг сайжруулах тал дээр дүрэм журам баталсан гэж хариулдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэр дүрэм журам нь хэрэгжиж чадав уу, бидний амьдралын чанарт нөлөөлөв үү” гээд аваад үзэхээр мэдээж үгүй байдаг. Уг нь Монгол улсын Үндсэн хуулиар “Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэвч иргэд амьсгалах эрхээ эдэлж чадахгүй, амь нас, эрүүл мэндээрээ хохирох бодит эрсдэл бий болчихоод байна” гэв.
АГААРЫН БОХИРДОЛ АЮУЛТАЙ ТҮВШИНГ ЗААСАН ХЭВЭЭР БАЙНА
Өчигдөр орой 20 цагийн байдлаар агаарын чанарын индекс ихэнх дүүрэгт бохирдолтой гэсэн үзүүлэлтийг зааж байлаа. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 500 давж байв. Уг нь агаарын чанарын индекс 50-аас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 10 дахин өндөр байгаа нь бид хавдрын өвчинд нэрвэгдэх өндөр эрсдэл дунд амьдарсаар байгааг илтгэж байна. Түүнчлэн, агаар.мн сайтад нийтэлдэг агаарын чанарын 7 хоногийн дундаж үзүүлэлтийг харвал агаарт дэгдэж буй хүхэрлэг хийн хэмжээ стандартад заасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс 11,5 дахин хэтэрчээ. Тиймээс эрүүл амьдаръя гэвэл Нийслэлээс холдож, эрүүл агаарт гарах, аль эсвэл утааны шүүлтүүртэй маск зүүх хэрэгтэй болжээ. Ялангуяа, жирэмсэн эмэгтэйчүүдийг гэртээ заавал агаар шүүгч хэрэглэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.