Сагсан бөмбөгийн дээд лигийн “Эрдэнэтийн уурхайчид”, “М гарьд” багийн тоглолт уржигдар болсон. Тоглолтын үеэр “Эрдэнэтийн уурхайчид”-ын тоглогч Г.Ган-Эрдэнэ ёс зүйгүй үйлдэл гарган “М гарьд”-ын Б.Мөнхболдыг түлхсэн. Үүний дараа хоёр багийн тоглогчдын дунд үл ойлголцол үүссэн юм. Мөн нэгэн үзэгч тоглогчид руу ундааны сав шидэн, бүдүүлэг үйлдэл гаргасан. Эдгээр асуудлаар МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалаас тодрууллаа.
-Тоглолтын үеэр өрсөлдөгчөө түлхэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан Г.Ган-Эрдэнэд ямар нэгэн шийтгэл оногдуулах уу?
-Манай холбооны мэргэжлийн зөвлөл энэ асуудлыг судалж байгаа. Яг энэ асуудлын тухайд тоглолтын процесс дээр шийтгэл оногдуулахгүй. Техникийн алдаа өгчихсөн шүү дээ. Тоглолтын үеэр айхтар зодоон болоогүй. Ямар ч байсан энэ асуудлыг Мэргэжлийн зөвлөл хэлэлцэнэ. Тэгээд Г.Ган-Эрдэнэд хариуцлага тооцох эсэхийг дүрмийнхээ дагуу шийднэ.
-Дүрэмдээ ямар шийтгэл оногдуулна гэж тусгасан байдаг вэ?
-Хэрвээ буруутай гэж үзвэл лигийн журмын дагуу мөнгөн торгууль, тоглолт өнжүүлэх зэрэг шийтгэл оногдуулдаг.
-Тоглогч руу сав шидсэн үзэгчид ямар нэгэн хариуцлага хүлээлгэх үү?
-Дээд лигийн тоглолт болж буй “UG arena” бичлэг шүүн, тухайн үзэгчийг хайж байгаа. Тэгээд “UG arena”-д тоглолт үзэх эрхийг нь хасна.