Ардчилсан намын Улс төр, Нийгмийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга, Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Төмөрбаатарын Баясах 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Төмөрбаатарын Баясах нь 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989-1999 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургууль, 2002-2006 онд Санхүү эдийн засгийн Их сургууль, 2006-2009 онд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академийг тус тус төгссөн юм.
Тэрээр 2002-2005 онд “Тэнгэр” ХХК-д менежер, 2005-2007 онд “Тэнгэр” ХХК-ийн төслийн менежер, 2007-2009 онд “Тэнгэр” ХХК-ийн гадаад харилцааны менежер, 2009-2013 онд “Глобал фүүд” ХХК захирал, 2013-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2017-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан юм.
Мөн тэрээр 2002 онд Ардчилсан намд элсэж Монгол Улсад Ардчилсан энэрэнгүй, шударга нийгмийг цогцлоон бүтээх үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэж, намын үйл хэрэгт тасралтгүй оролцож ирсэн бөгөөд Ардчилсан намын Намын хорооны гишүүн, ҮБХ-ны гишүүн, Намын хорооны Тэргүүлэгч, Ардчилсан Залуучуудын холбооны даргаар ажиллаж байлаа.
Талийгаачийн мэдлэг чадвар, оюун ухаанаа хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулдаг шударга, зарчимч, хүнлэг энэрэнгүй дүр төрх нь бидний дунд мөнхрөн үлдэх болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.