Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэдхэн хоногийн өмнө “Нийтийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргалаа” гэх шүүмжлэлд өртсөн юм. Тус шүүхийн шүүгч З нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр “хадгалж” байгаад баригдсан Төмөр замын алба хаагчийг хорихоос “татгалзсан” гэх шуугианд холбогдсон. Олон нийтийн зүгээс ЭЦА-ны хойшлуулшгүй ажиллагааны дүнд үйлдэл дээрээ баригдсан уг хэргийн сэжигтнийг цагдан хорилгүй “Хэргээ зохицуулах боломж олгосон” гэж шүүмжилсэн. Бас хардсан. Өөрөөр хэлбэл, энэ нь тус шүүх, ер нь шүүх байгууллагын нэр хүндэд сөрөг хандлагыг бий болгосон. Дашрамд дурдахад , Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нь О.Жанчивнямбуу, шүүгчид нь А.Алтанхуяг, С.Болортуяа, Ц.Дайрийжав, М.Далайхүү, Г.Золбоо, Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Нямдаваа, Ц.Мөнх-Эрдэнэ, Л.Одончимэг, Ч.Отгонбаяр, Ц.Эрдэнэчимэг нар юм байна.
Тэгвэл тус Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэр бас л асуудал дэгдээх бололтой.
Тодруулбал, мөн өдрийн хуралдаанаар олон жилийн өмнөөс яригдаж буй “БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг хэлэлцжээ. Монголын хэвлэлүүдээр ч олон удаа мэдээлж байсан даа. “…ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” ХХК-ийн захирал Ким Бу Собын тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогджээ. Хууль бусаар, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хамт ажиллаж, байсан эмч Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажилласан. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээрт дарамталсаар явуулсан” гээд л бичигддэг.
Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Нэг үгээр хэлбэл, тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болж үлдсэн байдаг. Үүнийг “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, хөрөнгө оруулалтыг нь дээрэмдсэн явдал” гэж тодорхойлж болох юм.
Ер нь бол энэ нь “Суруга Монгол” компанийн хэрэгтэй маш төстэй. Нэг загварын хэрэг гэхэд хэвийдэхгүй. Хэсэг бүлэг этгээд “Суруга Монгол” компанийн хөрөнгө оруулагч Японы иргэнийг зохион байгуулалттайгаар хар тамхины хэрэгт холбогдуулсан. Хууль хяналтын байгууллагаар шалгуулсан. Улмаар Монгол Улсын хилээр орж ирэх боломжгүй болгосон. Тэгээд тус компанийн хувьцааг шилжүүлэн авч, эзэмшиж байсан газрыг нь хувааж авсан байдаг.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2022 оны аравдугаар сарын 28-нд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ахлагчийн хувьд мэдээлэл өгөх үеэрээ энэ хэргийн талаар ярьсан байдаг. Тэрбээр “…Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх хувь буюу 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд байна. …Эдгээр хэргийг хурдавчилж, хэрэгсэхгүй болсныг нь дахин сэргээх талаарх албан бичгийг явуулна. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдсэн талаар мэдээлнэ” гэсэн. Тэр үеэр “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Г-гийн хамаарал бүхий компанид "Суруга Монгол" компанийн хувьцаа шилжсэн юм билээ.Түүнээс хойш хэд дамжсан юм бүү мэд. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхгүй бол бид шударга ёсны талаар яриад ч хэрэггүй. Бид япончуудаас, гэр бүлийнх нь өмнөөс зарим хүмүүс уучлалт гуйх ёстой. Би энэ хэргийг хурдан шалгаач гэдэг албан бичиг өгсөн. Хууль бус байшин барилга авсан бол хураан авч, улсын орлого болгох ёстой” хэмээн олон нийтэд тодорхой ярьсан.
“Монгол Хьюндай” эмнэлгийн хэрэг яг л ийм. Тиймээс НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 18.6.2.2-т зааснаар “Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, 17.4.2.2-т заасан “Их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6.2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Мөн жил гаруйн өмнө энэ хэргийг шүүхэд шилжих үед эх сурвалж “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ банкны барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасныг мөрдөгчид тогтоосон” гэж мэдээлж байв.
Харин шүүх өөрөөр шийджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 21-нд эрүүгийн 201726021339 дугаартай хэргийг хэлэлцээд2022/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоол гаргажээ. Түүндээ “НПГ-аас шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байна. Шүүх тэдэнд шууд үйлчилж, илтэд тэдний талд шийдвэр гаргасан нь харагдаж байгаа юм. Шүүх нотлох баримтыг бус, Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын өөрсдийгөө өмгөөлж хэлсэн мэдүүлгийг барьж шийдвэрээ гаргажээ. Үүнийгээ ч нуугаагүй байгаа юм. Шийтгэх тогтоолд юуг, хэрхэн “тайлбарласан” талаар цухас дурдахад л бүх зүйл хангаллтай ойлгогдоно.
Хамгийн хачирхалтай нь шүүгдэгч Д.Баасанжавт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг цагаатгасан үндэслэлээ “Шүүгдэгч Д.Баасанжавын хувьд “Эм Би Эс Мед” ХХК-нд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг хууль бусаар Д.Мөнхбат ашиглаж завшиж байсан гэдгийг мэдээгүй. “Эм Би Эс Мед” ХХК-ийн өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байснаас бус 399 ширхэг 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан” гэж тайлбарласан байна.
Гэтэл “Монгол Хьюндай” эмнэлгийг булаасан хэрэг нь бусдын нүдэн дээр ил болсон байдаг. Мэддэг хүн дэндүү олон. Юу гэвэл, Д.Мөнхбат нь “Эм Би Эс Мед” ХХК-ийн захирлаар ажиллаж байхад Д.Баасанжав “Монгол Хьюндай” эмнэлгийнх нь дарга байсан талаар дээр өгүүлсэн. Тэр үедээ БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий “Ириүм” ХХК-ийн эзэмшлийн “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгуулж, Д.Баасанжав нарын буюу “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр хууль бусаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гаргуулан авсан. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн А/482 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар, Д.Баасанжав болон Д.Мөнхбат хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үүнээс нэг сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн А/527 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар манай “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан.
Угтаа дээрх хууль бус аргаар Д.Мөнхбат, Д.Баасанжав нар нь БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон. Ийм байхад Д.Баасанжав, Д.Мөнхбат нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн ямар ч боломж байхгүй юм.
Товчхондоо, Д.Мөнхбат, Д.Баасанжав хоёр “Эм Би Эс Мед” ХХК-ийн эзэмшлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203.26 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан. Уг хөрөнгийг Д.Баасанжав болон Д.Мөнхбатын хүүгийн эзэмшлийн компанийн нэр дээр “Эм Би Жи” нэртэй эмнэлэг байгуулахад ашигласан. Тухайн тоног төхөөрөмжүүдийг одоог хүртэл тэр эмнэлгийнхээ нэр дээр буюу өөрсдийн хууль бус эзэмшилд байлгаж, ашиг орлого олж байна. Энэ хооронд “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн нэрийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Эдгээр үйлдлээрээ өнөөдрийг хүртэл мөнгө угаах гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж байгаа юм.
Цаашлаад Д.Мөнхбатад бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 12 сая төгрөгний торгох ял шийтгэжээ.
Үүнийгээ шийтгэх тогтоолд“…“Эм Би Эс Мед” ХХК-тай өмчлөлийн маргаан бүхий асуудлууд байгаа талаар хэргийн оролцогчид мэдүүлдэг энэ асуудлууд энэ шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч мэдүүлж байна. Шүүгдэгч нь эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ялаар шийтгэх нь тохиромжтой” гэж тайлбарласан байгаа юм. Тайлбар ч гэж дээ, хуульчид хараад “татаж унаж” байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт гэж хэлэхэд үнэхээр хэцүү “Үндэслэл” бичдэг шүүгч байдаг нь машид харамсмаар явдал юм.
Хамгийн ноцтой нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Мөнхбат “Эм Би Эс Мед” ХХК-ийн эзэмшлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203.26 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон атлаа 758.837.854 төгрөгийн бодит хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өөрчилсөн байгаа юм.
Учир нь Эрүүгийн 201726021339 дугаартай хэрэгт хийгдсэн “СМД аудит” ХХК-ийн 2017 оны есдүгээрсарын 5-ны өдрийн дүгнэлт, ШШҮХ-гийн шинжээч Ж.Бадамсүрэн, Ц.Оюунтуул, Ц.Энхмаа нарын хийсэн 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтүүд нь бүхэлдээ БНСУ-ын иргэн Ким Бу Собын “Эм Би Эс Мед” ХХК-ийн харъяа “Монгол Хьюндай” эмнэлгийг Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт алдагдах цаг үеийн компанийн хөрөнгө санхүүгийн байдалд санхүүгийн анхан шатны баримтууд дээр тулгуурлаж хийгджээ. Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтүүдээр “Д.Мөнхбат болон Д.Баасанжав нар нь тус эмнэлэгт хувийн журмаар оруулсан хөрөнгө гэж огт байхгүй” гэдэг нь нотлогдсон. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр тус шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч “Эм Би Эс Мед” ХХК-ийн эсрэг, Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт ашигтайгаар тайлбарлаж хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ мэтчилэнгийн хууль эрх зүйн олон тооны зөрчилтэй “бантан” болсон шийдвэрийг гаргачихаад сууж байна. Хамгийн гол нь Монголын төрөөс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авч, Засгийн газрын ажлын хэсэг хүртэл байгуулагдан ажиллаж байгаа атал үүний эсрэг гэмээр шийдвэрийг гаргасан байгаа юм.
Үргэлжлэл бий…
З.БОЛД
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)