Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Сонсголын үеэр гэрчүүдээс зээлийн зарцуулалтын талаар асуулаа.
"Бэрэн" группын гүйцэтгэх захирал М.Цэлмэг шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа идэрхийлэв.
Тэрбээр, “Зарцуулалттай холбоотой асуудалд өчигдөр хуульчидтайгаа зөвлөлдөөд 2022 оны хоёрдугаар сараас хойш зарцуулалттай холбоотой асуудалд компанийн бүх баримт бичгийг өгөөд санхүүгийн зарцуулалтыг нотолж байгаа. Энэ асуултын хүрээнд бид нэг бүрчлэн хариулт өгөх боломжгүй байна. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагад баталгаа гаргаад өгчихсөн. Гэхдээ зарчмын хувьд тухайн оны дөрөвдүгээр сард бид Хөгжлийн банкнаас нийгмийн шинжтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё блокийн орон сууцыг барихаар зээлийн хүсэлт гаргаж, тухайн жилийнхээ 11 сард зээлийн хороо болон, ТУЗ-өөс зөвшөөрснөөр зээлийн гэрээ байгуулж олголтуудаа үе шаттай авсан.
Манай зээл валютаар олгосон, 9.3 хувийн хүүтэй зээлийг бид мөнгө орж ирэнгүүт бүтэн жил хадгалаад барилгын сезон эхлэхээр гаргах боломжгүй байдаг болохоор арматур болон, бусад барилгатай холбоотой салбар компаниудтай үйл ажиллагаа явуулсан. Яг мөнгийг хаашаа гарч орж байгаа нь биш тухайн төсөлдөө, тухайн хэмжээний мөнгө зарцуулагдсан уу гэдэг өнцгөөс нь асуугаагүй болохоор шинжээчийн хэлж буй дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Ямар ч байсан авсан зээлээ барилгын үйлдвэр болон гангийн үйлдвэрт зарцуулсан. Төслийн ач холбогдол бусад зүйлсийг хариулах боломжтой байна” гэв.