БНСУ-ын Инчон хотод 47 настай эмэгтэйг хоёр жил гаруйн хугацаанд нас барсан ээжтэйгээ хамт амьдарсан хэргээр баривчилжээ. Тодруулбал, тэрээр ээжийнхээ нас барсныг бүртгүүлэлгүй, цогцсыг нь хоёр жил байрандаа хадгалсан бөгөөд энэ хугацаанд ээжийнхээ нийгмийн халамжийн нийт 17 сая воныг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Солонгосын хуулиар түүнд долоо хүртэлх жилийн ял оноох магадлалтай юм.
Халамжийн албаныхан сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний ээж ямар нэг эмчилгээ хийлгээгүйг анзаарч, хэргийг олоход түлхэц болжээ. Тэрээр ээжийнхээ араг ясыг хөнжлөөр бүтээн хадгалж байсан ба түүний ээж 2020 оны наймдугаар сард 76 насандаа нас барсан гэж цагдаа нар таамаглаж байгаа юм. Тэрээр ажилгүй нэгэн бөгөөд ээжийнхээ халамжийн мөнгөөр өдөр хоногийг аргацааж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
SOURCE: KOREA HERALD