Бид АНУ дахь “Самсунг электроникс” компанийн ажилтан Г.Алтангэрэлтэй товч ярилцлаа. Тэрээр АНУ-д магистрын хөтөлбөрт суралцаж байгаа бөгөөд хичээлийнхээ хажуугаар программ хөгжүүлэгчээр ажилладаг, АНУ дахь “Самсунг электроникс” компанийн цор ганц Монгол ажилтан юм. Бид түүнээс олон улсын томоохон компаниудад ажиллах боломж, ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийх нь талаар асуусан юм.
-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу. Намайг Ганбаатарын Алтангэрэл гэдэг. Би АНУ дахь “Самсунг электроникс” компанид Android developer гэх албан тушаалд ажилладаг. Өмнө нь Германы IT-ийн компанид ажиллаж байгаад, АНУ-д магистртаа сурахаар очсон. Одоо хичээлийнхээ хажуугаар энэ ажлаа хийж байна.
-Хэдэн жилийн дараа Монголд ирж байна вэ?
-Би дөрвөн жилийн дараа Монголдоо ирж байна. Гэр бүлийнхнээ маш их санасан. Яг их хүйтэн үеэр нь ирсэн болохоор эхлээд дасахгүй хэсэг даарлаа. Одоо бол дассан.
–Монгол өөрчлөгдсөн байна уу?
-Маш их өөрчлөгдсөн байна. Олон шинэ барилга баригдсан байна. Найзуудтайгаа уулзах газар товлохоор дандаа миний мэдэхгүй газрууд байсан. Бас өөрчлөгдсөн гэхээс илүү өөрчлөхийг хүссэн нэг зүйл нь цаг төлөвлөлт байна. Улаанбаатар түгжрэл ихтэйг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс хүн бүр цагаа төлөвлөөд, эрт гарвал нэгнээ хүлээлгэх асуудал үүсэхгүй. Монголд ирээд энэ л хүндрэлтэй, асуудалтай санагдаж байлаа. Хүнтэй уулзах гээд цаг товлохоор цагтаа ирэх нь үнэхээр ховор юм. Уг нь дараагийн ажил хүлээгээд байдаг. Уулзах хүн ирэхгүй юм. Үүнийг л засчихвал сайн байна даа.
-“Самсунг” зэрэг дэлхийн томоохон компаниудад Монгол залуус ажиллах боломж хэр байна вэ?
–Монгол залуус АНУ дахь “Самсунг электроникс” компанид ажиллах боломж их байна. Зөвхөн энэ компани гэлтгүй АНУ-д IT салбарын ажлын байр элбэг байдаг. Цалин ч өндөр. Монгол залуус хэлээ л сайн сураад, АНУ-д очиж, өрсөлдвөл боломж их. Англи хэл маш чухал. Манай мэргэжилд ажлынхаа талаар англиар ярих амархан байдаг. Өндөр төвшний англи хэл шаарддаггүй. Гэхдээ зөвхөн ажлаа хийгээд байх нэг өөр. Ажлын хамт олонтойгоо нөхөрлөөд, дунд нь ороод, Монголоо таниулаад, явахад арай өөр англи хэлний төвшин хэрэгтэй болдог. АНУ-д ч юм уу, олон улсын компанид ажиллая гэж бодож байвал англи хэлээ л сайжруул. Бусдаар Монгол залуус маш чадварлаг.
Мөн Монголд ажиллаж байхдаа Жава хэл, ажлын туршлагаа сайн хуримтлуулаад, мундаг инженер болчихвол АНУ-д ажилд орох боломж нь бүрэн нээлттэй.
-Манай улсын IT компаниуд олон улсын зах зээлд гарахын тулд яах ёстой вэ?
-IT компанийн давуу тал нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Бүх зүйл нь цахим учраас олон улсын зах зээлд гарах боломж өндөр. Нийгэмд тулгарч буй асуудлыг олж хараад, шийдлийг нь олчихвол бүх зүйл боломжтой. Манай старт-ап, IT-ийн компаниуд Монголынхоо асуудлууд, зах зээлийг мэдээд байна. Илүү амжилттай ажиллаж, олон улсын зах зээлд гаръя гэж төлөвлөж байгаа л бол тухайн улсад ямар асуудал тулгарч байгааг ч олж харах хэрэгтэй. Жишээлбэл, Японд очоод эсвэл нэг ажилтнаа явуулаад, тэндээ компани үүсгээд, нийгэмд нь амьдраад эхлэхээр асуудлуудыг нь мэдээд эхэлнэ. Мөн Солонгос, Хятадад амьдраад, ийм асуудал хүмүүст нь байна. Тэгвэл ийм шийдэл байж болно гээд компаниараа ярилцаж байгаад утасны аппликейшн зохиох ч юм уу, шийдлүүдийг нь олчихвол олон улсын зах зээлд гарахад илүү амархан байна гэж боддог.
-Цаашдын зорилго, төлөвлөгөө нь юу байна вэ?
-Цаашдын зорилго гэвэл АНУ-д өөрийнхөө компанийг нээх хүсэлтэй байна. Компани маань хөлөө олчихвол Монголд төв салбарыг нь байгуулна. Монголд төв салбараа байгуулчихвал дэлхий даяар миний аппликейшнийг хэрэглэж байгаа хэрэглэгчдийн төлж байгаа мөнгө нь Монгол руу орж ирнэ гэсэн үг. Монгол руугаа доллар татна. Монголын эдийн засагт ч хэрэгтэй. Одоогийн нөхцөлд Оюутолгой Монголын эдийн засгийг авч явдаг шиг IT компани яагаад Монголын эдийн засгийн гол нь байж болохгүй гэж боддог. IT компани Монголын эдийн засгийн хөгжлийн гол хүч болгоно.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Видеог дээрээс үзнэ үү.