Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Энэ жилийн УАШТ-д 34 байгууллага клубын 283 тамирчин оролцож байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90,-100, +100 кг, эмэгтэйчүүдийн 57, 70, -78,+78 кг жингийн барилдаанууд болж, улсын аваргууд тодорч байгаа юм.
Улсын аваргад 20 дахь удаагаа оролцсон, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны жүдоч Х.Цагаанбаатар өнөөдөр албан ёсоор зодог тайллаа. Нэгэн цагт Монголын жүдогийн нүүр царай болж байсан, өдгөө ч барилдан ясны тамирчин гэдгээ харуулж, үлгэрлэж яваа тэрбээр өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байсан. Х.Цагаанбаатар өрсөлдөгчтэйгөө барилдалгүй, дэвжээнд ёсолж, хүндэтгэл үзүүлээд буулаа.
Улсын 11 удаагийн аварга Х.Цагаанбаатар тамирчны 28 жилийн замналаа ийнхүү өндөрлүүллээ.