Энэ сарын 22-нд Хятадын цагаан сарын баяр болох гэж байна. Гэвч тус улсад ковид-19-ийн дэгдэлт өндөр байгаа тул цагаан сарын баяраар ойр дотныхон, нэн ялангуяа өндөр настнууд дээрээ зочлохгүй байхыг албаныхан сануулжээ.
Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд Шанхай, Бээжин зэрэг томоохон хотуудад халдварын оргил үе буурсан гэдгийг мэдэгдсэн ч бусад бүс нутгууд эрсдэлтэй хэвээр байгааг онцолсон байна. Тодруулбал, эдгээр бүс нутгуудад цаг агаар дулаарах тусам халдварын тархалт ихсэх магадлалтай байгааг сануулсан байна.
Түүнчлэн олон улсын шинжээчид Хятадын цагаан сарын үеэр буюу 2-р сарын эхээр тархалтын оргил үе эхэлнэ гэж үзэж буй юм. Учир нь Хятадад “Тэг Ковид” бодлогыг сулруулснаас болж өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэхийн сацуу өндөр настнуудын дунд вакцинжуулалтын түвшин муу байгаа нь олны санааг түгшээж байгаа талаар гадны хэвлэлүүд мэдээлж байгаа.
Ийнхүү Хятад дотроо ард иргэдээ хот хоорондын хөдөлгөөн бага хийхийг сануулж байгаа бол Их Британи, АНУ, Итали, Испани, БНСУ, Япон зэрэг улсууд Хятадын иргэдэд хязгаарлалт тавьж байгаа билээ.
SOURCE: THE GUARDIAN