Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэж заасан нь бий. Ийм учраас бид мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах гэсэн зүйл ангиар шалгагдан, нэг сарын хугацаатай цагдан хоригдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн ар гэрийнхнээс тайлбар авах гэж оролдсон юм. Харин түүний ар гэр, эхнэр нь мэдээлэл тайлбар өгөхөөс эрс татгалзлаа.
Тодруулбал энэ сарын 11 болон 12-ны өдрүүдэд бид УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт очиж, буруутгагдсан талд тайлбар өгөх боломж олголоо. Тайлбар авахаар очсон эхний өдөр тэд хаалгаа тайлаагүйн дээр, “хүүхдүүд хатгаатай байгаа учраас хаалга онгойлгох боломжгүй байна. Энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Харин дараагийн өдөр нь буюу өчигдөр очиход С.Батдөлийн эхнэр дэлгүүр орохоор гарч таарсан. Улмаар буруутгагдсан талаас тайлбар авах хүсэлтэй байгаагаа сэтгүүлч миний бие илэрхийлэхэд, “Тайлбарлаад байх зүйл байхгүй” гээд хаалгаа тас хаалаа.
Гурван өдрийн өмнө С.Батдөл хөнгөн гэмт хэрэг орооцолдсоноо илэрхийлж, цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэж байсан. Ингэхдээ, “Би 3-13 насны дөрвөн хүүхэдтэй. Дөрвүүлээ хатгаа, ханиад туссан. Цахим орчин дахь мэдээллийг хараад охин маань сүүлийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн. Ийм учраас хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна” гэсэн юм.
С.Батдөлийг төмөр замаар нүүрс тээврийн дарааллыг өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгон, бусдаас авлига авсан гэж олон нийтийн зүгээс хардаж байгаа.
Улаанбаатар төмөр замд вагоны очер дайруулдаг, дундаас нь ашиг хүртдэг хууль бус үйлдлүүд өмнө нь ч байсан. Тодруулбал, өнгөрсөн онд АТГ-аас Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын хэлтсийн дарга Ж.Пунцагийг яг энэ төрлийн үйлдлээр баривчилж байсан юм.
Цар тахлын үед хил гаалийн асуудлаас үүдэж боомтууд дээр нүүрсийг автомашинаар болон төмөр замаар гаргаж, улсын төсөвт орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Улаанбаатар төмөр зам энэ ажилд голлох үүрэгтэй оролцохыг Засгийн газраас даалгаж байв.