Өдгөө 72 насыг зооглож буй, өндөр настан Ж.Цэрэндолгор залуусыг ажилсаг хөдөлмөрч байхыг уриалж байна. Насаараа талх боовны үйлдвэрт жолоочоор ажиллаж, 2011 онд тэтгэвэртээ гарсан тэрээр нэг ч өдөр зүгээр суудаггүй нэгэн аж. Гавьяаныхаа амралтанд гарсан цагаас хойш такси үйлчилгээнд явжээ. Хүүхдүүд нь ээжийгээ ядарчих вий хэмээн санаа зовж, гэртээ л байхыг ятгадаг ч тэр зөвшөөрдөггүй. Тэр энэ талаар ярихдаа “Миний таван хүүхэд бүгдээрээ л тусдаа гарсан. Тэд маань ээж гэртээ байгаач гэдэг юм. Надад бол гараад явах нь илүү жаргалтай санагддаг. Байнгын гэрт суух хэцүү шүү дээ. Би 1972 оны жолооч. 50 жил жолоо мушгиж байна. Хүмүүсийг хүрэх газарт хүргэж өгөөд явж байх нь сайхан. Биеийнхээ тааваар л явдаг юм. Түүнээс биш өдөр шөнөгүй зүтгээд хэдэн төгрөг олъё гэсэн сонирхол байхгүй” гэсэн юм.
Ярилцлага авахаар товлосон хугацаанаасаа хождоод очтол Ж.Цэрэндолгор гуай аль хэдийнэ “болзсон” газар болох “Нарантуул 2” худалдааны төвийн гадна ирчихсэн “Ороод хэдэн хүнсний юм цуглуулчихаад сууж байлаа” гэв. Тэрбээр залууст “Хүнээс үг сонсдог, үг даадаг, эртэч, тууштай, хариуцлагатай байхыг захисан юм. Мөн залуусыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ч уриаллаа.
“Хэд хоног ханиадтай ёстой хэцүүдлээ. Гурав хоног орноосоо ч боссонгүй. Өнөөдрөөс л дээрдлээ” хэмээн ярих Ж.Цэрэндолгор гуай идэвхтэй амьдарч, олонтой явахын жаргалыг эдэлж явна. “Өнөө цагт боломж их. Хүн гараа хөдөлгөж л байвал заавал нэг юмны захад хүрнэ дээ” хэмээн тэрээр ярьсан юм.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.