Хүйтэн сэрүүн улиралд иргэд ихэвчлэн гэрийн гадаа, амбаарт болон тагт дээр хоол хүнсээ ил, задгай хөлдөөж хэрэглэдэг. Энэ үйлдэл нь агаар дахь хорт хий хоол хүнсэнд шингэж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байдаг. Утаа болон хорт хийнд хордсон тохиолдолд ямар хоол хүнс хэрэглэж, өөрийн биеэс хорт бодисыг гадагшлуулах талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэрийн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Тэрээр “Агаарын бохирдол сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүртэл нэмэгдсэн. Дутуу шатсан түүхий нүүрснээс үүдэлтэй ялгарч байгаа нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, автомашинаас ялгарч байгаа хорт хий, утаануудаас үүдэлтэй хоруу чанартай хорт бодисууд нь амьсгалын замаар дамжин, биед шингэж, хүний эд, эсийг гэмтээх хэмжээнд хүрсэн байна.
АГААРЫН БОХИРДЛЫН ШАЛТГААНТ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ХООЛЛОЛТДОО АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Бид өөрсдийгөө гадаад орчны бохирдлоос маск зүүж хамгаалдаг. Үүнээс гадна хоол тэжээл бол хамгийн чухал асуудал. Хоол тэжээлээр бид дархлаагаа дэмжин, хоруу чанартай агаарын бохирдлын үед хордлого тайлах, хоруу чанарыг гадагшлуулах, хоруу чанартай хоол хүнснээс татгалзах зэргээр хооллолтдоо анхаарах нь хамгийн чухал.
Иргэд өвөл хүйтэн үед махаа, гурил, жимс зэрэг хүнсээ тагт дээрээ эсвэл байшин, пүнзэндээ хийж, хадгалдаг. Ингэхдээ бүх хүнсээ заавал зориулалтын уут, саваар битүүмжилсэн байх ёстой. Энэ агаарын бохирдол, хорт хийнээс хамгаална. Битүүмжлээгүй гадаа хадгалсан тохиолдолд агаар дахь хорт хий хүнсэнд шингэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Агаарын бохирдол ихтэй үед сүү, тараг хэрэглэх нь хамгийн чухал. Бүх насны хүмүүс болж өгвөл өдөрт нэг аяга тараг, сүү ууж хэвших хэрэгтэй. Сүү, тараг нь кальцийн агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлэхээс гадна агаарын бохирдлын үед хордлого тайлах, гаднын хорт нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй.
А, С, Е АМИНДЭМҮҮД БОЛОН СЕЛЕН, ОМЕГА-3-ААР БАЯЛАГ ХҮНС НЬ ХОРТ БОДИСЫГ БИЕЭС ГАДАГШЛУУЛДАГ
Мөн агаарын бохирдлол ихэсч, хорт хий их хэмжээгээр ялгарч байгаа үед дараах аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хорт бодисыг биеэс гадагшлуулна. Үүнд:
- Витамин С-ээр баялаг хүнс. Витамин С-ээр баялаг хүнсэнд чацаргана, нэрс, аньс, улаалзгана, үхрийн нүд зэрэг багтана. Мөн нохойн хошуу нь витамин С-ийн агууламж хамгийн өндөр жимс юм.
Витамин С нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалдаг. Биеийн дархлааг сайжруулж, халдвараас хамгаална. Хордлогын үед хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
- А аминдэмээр баялаг хүнс. Лууван, бууцай, брокколи болон цагаан идээ нь А аминдэмийн агууламж өндөртэй. А аминдэм нь биеэс хорыг гадагшлуулахад, исэлдэлтийн эсрэг онцгой үүрэгтэй.
- Е аминдэмээр баялаг хүнс. Үүнд ургамлын тос, цөцгийн тос, өрөм, зөөхий, загасны тос, оливын тос гээд тосон бүтээгдэхүүнүүд багтдаг. Хүний эсийн мембраныг хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг.
- Селенээр баялаг хүнс. Селен нь хамгийн сайн антиоксидант. Хавдрын эсийн үржилтийг зогсоох үйлдэлтэй.
- Омега-3-аар баялаг бүтээгдэхүүн. Бие махбодыг агаарын бохирдлоос хамгаалдаг. Хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг" гэв.
Видеог дээрээс үзнэ үү.