Ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ын Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа дараах долоон зөвлөгөөг өгч байна.
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд
1. Урьдчилан сэргийлэх үүднээс иргэд мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авснаар тухайн хүн ханиадаа бүрэн эмчлэх, бусдад халдварлуулахгүй байх бүрэн боломжтой. Өөрт тань хоолой өвдөх, нүд нуухтай, өндөр халуурах гэх мэт томуу, томуу төст өвчний зовуурь илэрвэл заавал эмчид хандах ёстой. Өөрөөр хэлбэл дам хүнээс сураг сонсож, дур мэдэн эм авч уухгүй байх хэрэгтэй.
2. Хоногт доод тал нь найман цаг унтаж, ажлын ачааллаа зөв зохицуулах нь зүйтэй. Хэрэв тав хүртэлх насны хүүхэдтэй айл өрхүүд оройн 21:30 мин гэхэд унтуулж хэвших нь хүүхдийн өсөлтийн болон дархлаа дэмжих даавар ялгардаг байна.
3. Мөн биеийн тамираар хичээллэж цусны эргэлтээ сайжруулах нь дархлааг дэмждэг.
4. Өөртөө цэгэн массаж тогтмол хийх нь дархлаа сэргээх ач холбогдолтой. Биеийнхээ тодорхой цэгүүд дээр дарж интэрферон бодис ялгаруулж дархлаагаа дэмжээрэй.
5. Олон нийтийн газар явахаар болсон тохиолдолд амны хаалт зөв хэрэглэж сурах.
6. Иргэн сайн дураар эмчид үзүүлээд ямар нэгэн харшлах заалтгүй бол улирлын томуугийн эсрэг дархлаажуултал хамрагдаж болно.
7. Өрөөний агаарыг тогтмол сэлгэж байх.
Танд ханиад томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэг, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчлээрэй. Ханиад томуу хүрсэн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна.