УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг хойшлуулшгүйгээр баривчилж, нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Баривчлах үеэр түүний гэрээс 7,3 тэрбум төгрөг бэлнээр, дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх худалдан авах гэрээ гарч ирснийг, хурааж авсан юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “АТГ, Цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, иргэн Батдөлийг баривчилсан. Тухайн иргэний болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, орон сууцнаас 7.3 тэрбум төгрөг бэлнээр, зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гарч ирснийг хураан авсан” гэлээ.
Мөн С.Батдөлийг дараах дөрвөн зүйл ангиар шалгаж буйгаа хэллээ.
Тодруулбал,
-18.6 мөнгө угаах,
-18.3 татвар төлөхөөс зайлсхийх,
-22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
-22.4 хахууль авах гэсэн зүйл ангиар шалгаж байна” гэлээ.
Мөн энэ үеэр яллагдагч С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа хийсэн бичлэг, зургуудыг үзүүллээ.