Сүүлийн жилүүдэд түлхүү дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х ТҮЦ” продакшныхан өнөө жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан юм. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.
Эл жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж. “Зохиолгүй амьдрал” жүжгийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 13-нд Соёлын Төв өргөөнд нээнэ.