“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр болж, дарга болон орлогч даргаа сонгожээ.
Хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон, радио электроникийн инженер Д.Моондой, МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгээс нэр дэвшиж сонгогдсон, судлаач О.Мөнхсайхан нар ШУА-аас нэр дэвшиж сонгогдсон, академич Г.Чулуунбаатарыг, хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон багш, нийтлэлч Г.Галбадрах, эдийн засагч Б.Отгонтөгс нар хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон Б.Отгонтөгсийг Зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн байна.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Зөвлөлийн даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, олонхын саналаар академич Г.Чулуунбаатарыг даргаар сонгов. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг сонголоо.
Мөн Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн баталжээ. Зөвлөлийн хуралдааны дэгийн төсөлд, хэлэлцэх асуудлын дараалал, тов, асуудал хэлэлцэхэд албан тушаалтан, иргэнийг оролцуулах болон хуралдааны ирц, санал хураалт, гишүүдийн оролцоо, Зөвлөлийн даргын эзгүй үед орлох, асуудал хэлэлцэх үед гишүүдээс асуулт асуух, үг хэлэх, хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлох зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.
Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд түүврийн арга зүй, түүний дизайны талаар танилцуулсан юм.
Танилцуулга, мэдээллийг сонссоны дараа Зөвлөлдөх зөвлөл санал асуулгад оролцох иргэний тоог тогтоох, Улсын Их Хурлын сонгуульд оролцсон сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй 18-19 настай иргэд болон гадаадад оршин суугч иргэдийг хамруулах, эсэх асуудлуудыг хэлэлцлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.6-д “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна” гэж заасан. Энэ заалтын дагуу хамгийн сүүлд буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг сонгохоор тогтов.
Үндэсний статистикийн хорооны саналыг харгалзан, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн тоог 1,570-аар тогтоов. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн гадаад улсад оршин амьдарч буй иргэдийн үндсэн баримт бичгийг үндэслэн, Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.