Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Монгол, Вьетнам хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах зэргээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн уулзалтаар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны гуравдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өгчээ.
Өндөр хэмжээний уг уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох ба бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм гэж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.