“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр саатуулж, цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж, нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан.
Энэ үеэр С.Батдөл "Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг процесс Монголд үүссэн байна. Би хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Заавал цагдан хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд зохион байгуулалттайгаар маш их сэвж, шүүх рүү хүртэл дайрлаа.
Би эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. УБТЗ-д 14 жил ажилласан. Би оргон зайлахгүй. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэтэл, шүүхийн шийдвэр гарах хүртэл хүсэлтээ өгнө. Би залуу хүн, цаашдаа ч энэ асуудлыг шийдэхийн төлөө явна.
Би 3-13 насны дөрвөн хүүхэдтэй. Дөрвүүлээ хатгаа, ханиад туссан. Цахим орчин дахь мэдээллийг хараад охин маань сүүлийн 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтсэн.
Охиныхоо сэтгэл зүйн байдалд маш их санаа зовж байна. Миний охиныг ангийнхан нь группээс нь хассан байна. Хүүхдүүдээ ийм байдалтай үлдээгээд явна гэдэгт санаа зовж байна. Ийм учраас хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна” гэсэн юм.