“Urug.mn” сайтын ерөнхий редактор, сэтгүүлч У.Болортуяа “Улс төрийн задлан” нэвтрүүлгээрээ улстөрч С.Баярцогтын талаар хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэн, үзэгчдэд хүргэсэн.
Гурван шатны шүүх С.Баярцогтыг гэм буруутай гэж үзэн, ял оноосон. Анхан шатны шүүх 10, давж заалдах шатны шүүх дөрөв, дараагийн шатны шүүх дээрх ялыг хэвээр үлдээн, хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл гурван шатны шүүхэд хөрөнгөө нотолж чадаагүй С.Баярцогтыг гэнэт гэм буруугүй гэж үзэн, хууль бусаар хэргийг нь хаасан асуудлыг сэтгүүлч У.Болортуяа хөндөн, нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Эл нэвтрүүлэгт дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг бусдын нөлөөнд автан С.Баярцогтыг ялгүй үлдээх шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудлыг мөн хөндсөн.
Шүүхийн ерөнхий зөвлөл сэтгүүлч У.Болортуяаг цагдаагийн байгууллагад өгчээ. Үүний дагуу сэтгүүлч У.Болортуяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт цагдаагийн байгууллагад 16.00 цагт очиж мэдүүлэг өгнө.
Энэ талаар тэрбээр “Би нэвтрүүлгээ бэлтгэхдээ хэн нэгнийг гүтгээгүй. Нэгдүгээрт, бүгд эх сурвалжтай мэдээлэл. Хоёрдугаарт, С.Баярцогтын хэргийн талаар УДШ, шүүхийн сайтад нийтлэгдсэн хэвлэлийн мэдээг л ашигласан. Өөрөөр хэлбэл, би юуг ч санаанаасаа зохиогоогүй. Бүх мэдээллийг баримтад тулгуурлаж бэлтгэсэн, бүгд эх сурвалжтай.
Эрх мэдэлтэй, танил талтай, хууль шүүхийн байгууллагыг хүртэл зохицуулж, аргалж чаддаг ийм хүмүүсийн эсрэг сэтгүүлч би ганцаараа зогсож байна. Тиймээс та бүхнийг, хэвлэл мэдээллийнхнийг ирэхийг, дэмжихийг хүсэж байна. Мөн иргэд ирж болно оо.
Нэвтрүүлэг цацагдсаны дараа “Чухал асуудлыг хөндлөө. Мэргэжлийн, чанартай нэвтрүүлэг болсон байна. Хууль бус үйлдлийн эсрэг нэгдэхэд бэлэн” гэж маш олон дэмжихээ илэрхийлж байсан. Яг тэр дэмжлэг тань одоо хэрэгтэй байна” гэлээ.