"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд "Эрдэнэс “Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу, Тээврийн хэлтсийн дарга Н.Элдэв-Очир нар оролцлоо.
Тэрбээр “Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг экспортлох, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх С зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд өгч буй. Уг зөвшөөрлийг өмнө нь Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсан. Энэ оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан, уул уурхайн олборлолт, экспорт хийж байгаа компаниудад олгох Засгийн газрын шийдвэр гарлаа.
Бид энэ оноос экспортын нүүрсийг хил үнээр зарна. Хоёрдугаар сарын 1-нээс биржээр нүүрсээ арилжаална. Нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрлөөр явна. Үүнээс хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас компаниудад С зөвшөөрөл олгоно.
Шаардлага хангасан 7904 С зөвшөөрлийн хүсэлт ирүүлсээс терминал нөхцлөөр 306, өргөтгөснөөр 84, чингэлэг тээврээр 6485, тэвштэй 1029 байна.
Нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй ил тод журмаар сонгон шалгаруулна. Үүнтэй холбогдуулан сонгон шалгаруулалт зарласан. Үүнийг дүгнээд нэгдүгээр сарын 20-ноос гэрээ байгуулна. Тендерт сонгон шалгарсан компаниудад энэ оны шинэ С зөвшөөрлийг олгоно. Үүнийг аль болох нээлттэй, ил тод зохион байгуулна.
Олон нийтийн хяналт тавих байдлаар С зөвшөөрлийг бид өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэбсайтад бүрэн байршууллаа. Хэн, ямар зөвшөөрлөөр С зөвшөөрөл олгосныг тэднээс харах боломжтой.
2023 оны нэгдүгээр улиралд ачаа тээврийн 7800 С зөвшөөрөл шинээр олгоно” гэлээ.