Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт, олголтыг хянан шалгах түр хороог УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны тогтоолоор байгуулсан. Өмнө нь түр хорооноос Ерөнхий сонсголыг зохион байгуулсан. Энэ удаа нээлттэй сонсголын зохион байгуулна. Тус сонсголын тов, асуудлын дарааллыг тогтоосон. Ер нь гурван үе шаттайгаар зохион байгуулна.
-Нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсоно. Үүний сацуу холбогдох гэрч, хамаарал бүхий этгээдийг гэрчээр оролцуулна. Нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна.
Хоёрдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэртэй зээлийн хөрөнгө оруулалтын 365 төсөл, арга хэмжээний ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ.
-Гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээр, арилжааны банкуудаар дамжин олгогдсон 2,542 төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Эл сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулна. Иргэд, Түр хороонд байдаггүй УИХ-ын гишүүд оролцох боломжгүй. Зөвхөн Түр хороонд байдаг гишүүд гэрчүүдээс асуулт асуух эрхтэй.
Нотлох баримтыг шинэчлэн судлах сонсгол манай улсад анх удаа болох гэж байна.
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ, судална. Эдгээр 77 зээлдэгчийн 22-ынх нь зарцуулалт хэвийн байна гэсэн дүгнэлт гарсан. Зарцуулалт нь хэвийн байгаа 22 зээлдэгчийг шалгахгүй, хасна. Улмаар 55 зээлдэгчийг нэг бүрчлэн шалгана. Эдгээр 55 зээлдэгчтэй холбогдуулан гэрчээр дуудах хүний тоо одоогоор 300 гаруй болоод байна. Эдгээр хүмүүсийн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан бий хүн бий” гэлээ.