Украины ерөнхийлөгчийн тамгын газраас ОХУ-ын нэр нөлөө бүхий хэд хэдэн хүнд хориг тавьж байгаагаа зарлалаа. Уг жагсаалтад кино урлаг, дуу хөгжим, дуурийн салбарын олон хүнийг багтаажээ. Тухайлбал, ОХУ-ын алдарт дуучин Филип Киркоров, дуурийн дуучин Анна Нетребко нар дурдагдсан байна.
Ийнхүү 119 хүн энэ хоригт багтсаны гурав нь Украин хүн байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр хүмүүсийн Украин дахь бүх хөрөнгийг 10 жилийн хугацаанд битүүмжилнэ гэдгийг Тасс агентлаг онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн арван хоёрдугаар сарын сүүлээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Украины Үнэн алдартны сүмийн 13 ламын иргэний харьяаллыг цуцалсан байна. Угтаа Украины Үнэн алдартны сүм ОХУ-тай ойрхон харилцаатай байсан ч өнгөрсөн оны хоёр дугаар сард дайн эхэлснээр хоорондын хамтын ажиллагаа болон бусад харилцаа бүрмөсөн зогссон байна.
SOURCE: AL JAZEERA