Өнөө цагийн хамгийн шилдэг уран гулгагчдын нэг, тод од Камила Валиева тэргүүтэй Оросын уран гулгагчид Монголд ирж, үзүүлэх тоглолт хийхээр болсон гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос тодрууллаа.
-Камила Валиева тэргүүтэй Оросын уран гулгалтын тамирчид Монголд ирж, үзүүлэх тоглолт хийхээр болсон гэх мэдээлэл цацагдлаа. Энэ үнэн үү?
-Үнэн. Оросын уран гулгалтын шилдэг тамирчид Монголд үзүүлэх тоглолт хийх асуудал яригдаж байгаа. Орос уран гулгагчдыг Монголд авч ирэх, үзүүлэх тоглолт хийх ажлыг зөвхөн БТСУХ хариуцаж байгаа.
-Ер нь хэдий хугацаанд яригдан, одоо ажил хэрэг болж байгаа вэ. Энэ санал, санаачлагыг анх хаанаас гаргасан бэ?
-БТСУХ өвлийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ ажлуудын нэг нь энэ үзүүлэх тоглолт. Оросын уран гулгагчдыг 2021 онд Монголд авч ирэх, үзүүлэх тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахлын улмаас тухайн үед хойшилж байвв. Өнгөрсөн жил Оросын Элчин сайд И.К.Азизов БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхантай уулзахдаа “Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулах тал дээр хамтарч ажиллан, бүх талаар дэмжинэ” гэсэн.
-Монголд ирэх уран гулгагчдын нэр эцсийн байдлаар тодорхой болсон уу. Олимпын аварга Алина Загитова, тод од Камила Валиева нар ирэх үү?
-Монголд ирэх уран гулгагчдын нэр эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Тиймээс яг хэн нь ирэхийг одоогоор хэлэх боломжгүй. Мэдээж Загитова, Валиева нарыг Монголд авч ирэх тал дээр илүү анхаарч байгаа.
-Дэлхийд алдартай тамирчдыг Монголд авч ирэхэд нэлээд өндөр өртөгтэй байгаа нь мэдээж. Энэ зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?
-Гэрээний асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа. Мэдээж ийм шилдэг тамирчдыг Монголд авч ирэхэд нэлээд өндөр зардал гарч байгаа. Ер нь энэ зардал мөнгө, бас бус асуудлаар БТСУХ-ноос удахгүй тодорхой мэдээлэл өгнө.
Камила Валиева “Бээжин-2022” наадамд оролцохдоо багийн төрөлд түрүүлж, олимпын наадмын дээд амжилт тогтоосон. “Дахин ямар дээд амжилт тогтоох бол. Ганцаарчилсан төрөлд ч түрүүлэх нь бараг ойлгомжтой” гээд спортын хорхойтнууд чих тавин, сэтгэл догдлон хүлээж суутал түүнээс допинг илэрснийг ITA зарласан нь Бээжингийн олимпын гол дуулиан байлаа.
Олимпын өмнө, “Бээжин-2022”-ын үеэр өгсөн Валиевагийн шинжилгээ сөрөг гарсан. Түүнээс олимпын үеэр бус 2021 оны арванхоёрдугаар сарын 15-нд өгсөн шинжилгээнээс триметазидин илэрсэн юм. Энэ хариу яагаад ингэж удаж, олимпын үеэр гарсан, Валиева өөрөө мэдэж байсан эсэх олны анхаарлыг ихэд татаж байлаа.
Үүний сацуу WADA-гийн дүрмээр 16 нас хүрээгүй тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд нэрийг нь зарлахгүй байх журамтай. 16 нас хүрээгүй тамирчныг шийтгэх зохицуулалт байхгүй.
Ийм дүрэмтэй атал тухайн үед 15 настай байсан Валиевагаас допинг илэрснийг ITA яагаад зарлав. Угаас допингын улмаас эрхээ хасуулсан Оросын тамирчдын нэр хүндийг унагаах, хорлохын тулд хэн нэгэн шинжилгээний хариуг албаар дарж байгаад, Бээжингийн олимпод зарласан эсэх одоо ч эргэлзээтэй хэвээр байгаа.
Энэ асуудлын улмаас Валиева олимпын наадмын үеэр сэтгэл зүйн асар хүнд байдалд орсон. Бэлтгэлийн дараа сэтгүүлчид бүчин, “Daily mail”-ын сэтгүүлч бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл гал дээр тос нэмж орхисон. Хүрмээрээ нүүрээ халхлаж явсан түүний дэргэд дасгалжуулагчдаас нь хэн ч байгаагүй. Энэ мэт зүйлс Валиевад улам их дарамт болсон нь ойлгомжтой. Сэтгэл зүйн хүнд байдал, ийм хүнд дарамт түүний амжилтад сөргөөр нөлөөлсөн. Валиева ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө IV байрт орж, олимпын аварга болох зорилгодоо хүрч чадаагүй.