Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага шаардсан жагсаал эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр ч жагсаал бүрэн тараагүй гэж зохион байгуулагч залуус мэдэгдэж байна. Маргааш Сүхбаатарын талбайд 13 цагаас цуглаж, УИХ тарахыг шаардахаар болсон байна. Засгийн газар дотор нүүрлэсэн хулгайд хариуцлага тооцох эзэнгүй болсон учраас Парламент тарж, дахин сонгууль явуулах, улмаар тогтолцооны өөрчлөлт хийх нь чухал гэж үзэж байгаа аж.
Энэ талаар жүжигчин Б.Цогтбаяр “Нүүрсний хулгайтай холбоотой 30 хүний нэр БНХАУ-аас ирсэн. Гэвч 17 хүнийг нь зарласан. Арга хэмжээ аваагүй. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас авхуулаад хэн хэн нь хулгайч гэдгийг мэдсэн. Зөвхөн би ч биш бүгдээрээ харсан. Нэрсийг зарла, хариуцлага тооц гээд бүтэн сар боллоо. Энэ хугацаанд төрийн эрх мэдэлтнүүд юу ч хийж чадаагүй. Миний дараагийн алхам бол УИХ тар гэдэг шаардлага тавина. Хуулиа чангалж чадахгүй бол чадах нэгэнд суудлаа тавьж өг. Энэ бол миний үзэл бодол” гэжээ.