Хятадад ковид-19-ийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим улс орнууд Хятадаас ирж байгаа иргэдэд хязгаарлалт тавьж эхлэхээ зарласан. Тодруулбал, ковид-19-ийн сөрөг гэсэн шинжилгээний хариу шаардана гэсэн юм. Харин энэ үйлдлийг Хятадын засгийн газраас шүүмжилж, “ковид-19-өөр далимдуулсан улс төрийн үйлдэл” гэж буруутгажээ.
Одоогийн байдлаар АНУ, Их Британи, Энэтхэг зэрэг улсууд Хятадаас ирж байгаа иргэдээс заавал шинжилгээ авна гэдгээ мэдэгдсэн байна. БНХАУ гурван жил гаруй мөрдөж ирсэн “Тэг Ковид” бодлогоо өнгөрсөн сарын эхээр сулруулаад байгаа нь тус улсад өдөрт илрэх тохиолдлын тоог ихээр нэмж, мөн Хятадын албаныхан үүний талаар үнэн, бодит тоо өгөхгүй байна гэх хардлага төрөхөд хүрээд байгаа юм.
Хятад хамгийн сүүлд 12-р сарын 24-нд 5000-аас доош тохиолдол илэрсэн гэсэн боловч зарим хөндлөнгийн шинжээчид өдөрт хоёр саяас дээш тохиолдол илэрч байгаа гэж таамаглаж байна. Мөн энэ сард өдөрт илрэх тохиолдлын тоо дөрвөн саяд ч хүрч магадгүй гэж таамаглаж байгаа нь ийнхүү олон улс орнууд хязгаарлалт тавьж эхлэхэд хүрээд байгаа юм.
Эх сурвалж: BBC