Засгийн газарт халаа сэлгээ хийж, зарим сайдыг өөрчлөх тухай мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ томилгоог өнөө маргаашдаа хийх гэж яарахгүй, түр азнахаар зэхэж байгаа аж. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулж, оронд нь УИХ-ын гишүүн С.Чинзоригийг томилох тухай яригдаж байна. Өмнө нь С.Энхболдыг Д.Сарангэрэлээр солих тухай асуудал хөндөгдөхөд “Мэргэжлийн сайдыг ажилд нь үлдээ” хэмээн олон нийт эсэргүүцэж, хэвээр нь үлдээж байсан юм.
Үүнээс гадна, Барилга, хот байгууллагын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох асуудлыг хөшигний ард ярилцаж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Боомт хариуцсан сайдаар томилох асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Чинзориг нарын тухайд өмнө нь Эрчим хүч болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг удирдаж байсан. Огцорсноосоо хойш чанга дуугарч, Засгийн газраа шахаанд оруулж, шударга нэгэн болж хувирсан байдаг. Оны өмнөхөн ч УИХ-ын чуулган дээр хамгийн хатуу үгсийг тэд хэлж байв. Энэ бол тэд шударгатаа биш, ердөө албан тушаал горилж, гомдлын үгээ дайж байсан нь тэр юм” гэж ч олон нийт хардаг. Өөрөөр хэлбэл, салбарт болгонд шургалж явдаг, хамгийн популист гишүүд дахин сайдын суудал авахаар улайран тэмцэж байна гэж ч харж болохоор байгаа юм.
Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор ярьж байна. Гэтэл Эрүүл мэндийн салбар гэдэг хамгийн эмзэг, гагцхүү мэргэжлийн хүн, зөв менежментээр удирдах учиртай салбар. Гэвч Засгийн газар сайдын суудлыг зөвхөн бэлэг болгож, хүссэн болгонд нь өгч байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Хамгийн гол нь, сайд солигдох тоолонд ажил цалгардаж, халаа сэлгээ орж, үр дагаварт нь иргэд хохирдог.
Хэрэв салбарын бодлого муу байна гэж Засгийн газар үзвэл аль ч салбарын сайдыг өөрчлөх нь зөв. Гэвч Засгийн газар гомдогсдынхоо амыг таглахын тулд ямар ч төлөвлөлтгүй, тооцоололгүй томилгоонуудыг ээлж дараалан хийсээр байна. Мэргэжлийн бус хүнээр танхимаа дүүргэж, салбар бүрээ сэглэж байгаагийнхаа хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүлээх үү? Эрх баригчид төрийн албыг төрлийн хэлхээ болгохоос гадна, сайдын суудлын найздаа өгдөг бэлэг, өөрийгөө дэмжүүлсний шагнал болгож арилжсаар байх уу? Ерөнхий сайд фракц, бүлэглүүдийнхээ шахаа, гомдогсдынхоо хатгууранд автаж, салбар бүрийн хүчийг тарамддагаа хэзээ зогсоох вэ?