Замын-Үүд-Эрээн боомтын авто замын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 8-наас нээж байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өгч байна. ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны 08 цагт нээнэ. БНХАУ руу зорчих иргэд 48 цагийн хугацаатай ПСР шинжилгээ өгнө. Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.
Эхний ээлжинд өдөрт 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-д хүргэнэ. Эрээн хотод гадны иргэдийг хүлээж авах 22 зочид буудал бэлэн болсон.
Үүргийн худалдаа, гадаад худалдаа эрхлэгчдэд сүүлийн хоёр жилд маш хүнд цохилт боллоо. Тиймээс хил нээх нь хамгийн чухал байна. Коронавирусийн эрсдэл гарч ирвэл тухайн үед нь УОК, ЭМЯ-наас шийдвэрээ гаргаад явна.
Замын-Үүд боомт өдөрт 100 тээврийн хэрэгсэл авна. Цаашид автомашины тоог 200-300 болгож нэмэгдүүлээд явах байх. Ингэснээр ачаа тээврийн үнэ хөлс ч буурна гэж бид харж байна.
Түүнчлэн, БНХАУ-д Коронавирусийн халдвар их гарч байгаатай холбоотойгоор тус улсаас ирж байгаа иргэдэд ямар хяналт тавих нь анхаарал татсан сэдэв болж байна. Тэгвэл өнөөдөр ГХЯ-наас энэ асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. ГХЯ-наас мэдэгдэхдээ “Манай улс цар тахлын дэглэмээ цуцалсан. Тиймээс агаарын болон авто замын бүх боомтоор гадаадын иргэдийг хорио цээрийн дэглэм хязгаарлалтгүйгээр хүлээж авч байна. Энэ нь иргэдийн урсгалыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөөтэй гэж үзсэн. БНХАУ-аас ирж буй иргэд асуумжаа бөглөөд орж ирнэ” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.