Энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дундаж байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.
Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хүлээн авахад, малчдын түвшинд өвс 1.1 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 88.0 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, хужир, шүү 92.2 мянган тн-ыг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21.0 мянган тн, тэжээл 8.2 мянган тн-ыг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94.0 хувийг, тэжээлийн 69.0 хувийг бэлтгэсэн байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчдын түвшинд өвс, тэжээл 84.5 хувьтай, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 80.0 хувиар бэлтгэсэн байсан ч цас ихтэйн улмаас мал байнгын тэжээлд орж хэрэгцээ улам нэмэгдэж, хэвийн жилд хэрэглэдэг өвс, тэжээлээс 2-4 дахин их өвс, тэжээл шаардлагатай байна. Сумдын өвс, тэжээлийн эхний нөөц дуусаж, дараагийн татан авалтаа хийж байна. Цас ихтэй сумдад 2-3 хоног тутамд малчны хот руу зам гаргах ажил хийгдэж байгаа бөгөөд хүнд даацын автомашин ашиглаж байна.
Эх сурвалж: Монгол улсын Шадар сайдын мэдээлэл