Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бус оролцоотой 17 хүний нэрийг АТГ-аас зарласан. Хулгайн хэрэгт холбогдсон 5 гишүүн үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө буруугүй хэмээн тайлбар өгөөд байна. Тэд жинхэнэ хулгайчдыг илрүүлнэ хэмээн мэдэгдэж, Тавантолгойн ордын 40 хувийг ард түмнд эзэмшүүлэх хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа өнөөдөр /2023.01.03/ мэдээллээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Бид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 40 хувийг ард түмэндээ эзэмшүүлэх хуулийн төсөл боловсрууллаа. Иргэн өөрийн хувьцааг бусдад зарах, шилжүүлэх боломжгүй. Жилд хоёр сая төгрөгийг нэгж хувьцааныхаа ноогдол ашиг болгон хүртэнэ. Ингэснээр Тавантолгой ард түмний хяналтад шилжинэ. Оффтейк гэрээ байгуулах ямар ч боломжгүй болно. Нүүрсний хулгай гэдэг үг “улаан номон”-д бичигдэнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Тавантолгой орд бол дэлхийд байхгүй том орд. “10 тэрбум”-ын нөөцтэй. Гэвч мэргэжлийн бус хүмүүсийг удирдлагаар нь сонгож ирснээс болж үйл ажиллагаа нь доголдсон. Зөвхөн Тавантолгой ч бус томоохон стратегийн ордуудад хулгай нүүрлэсэн. Үүнээс ард иргэд тодорхой хэмжээний хувьцаа эзэмших ёстой. Манай улсын нийт иргэдийн 42,5 хувь нь ядуурчихаад байна. Монгол улс баялгийн менежментээ л зөв хийх хэрэгтэй байна. Баялгийг ард түмний хяналтанд оруулах ажлыг бид эхлүүлж байна” гэв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Бид УИХ-д лобби бүлэг байгуулж ажилласан. Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааны 40 хүртэлх хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлье гэдэг нь бидний хийж буй эхний том ажил. Хэрэв 40 хувь нь ард түмний эрх мэдэлд оччихвол бүх шийдвэр ард түмний хяналттай болно. Иргэдийн оролцоогүйгээр шийдвэр гарах боломжгүй болно” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.