"Эрдэнэс Монгол" компанид зарласан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл өчигдөр /2022.01.02/ эхэлж, хоёр өдрийн дотор 1801 иргэн ажилд горилохоор анкетаа нээжээ. Тухайлбал, ахлах менежерийн ажлын байранд 118, менежерт 185, гүйцэтгэх албан тушаалд 697 иргэн бүртгэлээ баталгаажуулаад байна.
Засгийн газар тус компанийн шинэ бүтцээр танил тал, хөрөнгө мөнгөөр албан тушаалд томилогддог биш мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон. Тийм ч учраас нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, менежерүүдээр газруудыг удирдуулахаар болсон юм.
Олон нийтийн зүгээс нийгмийн шударга, тэгш боломжийг шаардсаар байна. Тиймээс иргэдийнхээ дуу хоолойг сонсож, мэргэжлийн ур чадвартай нь шалгуурт тэнцэж ажилд томилогддог тогтолцоог бодит болгохоор улс орны стратегийн чухал төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Эрдэнэс Монгол ХХК-иар ийнхүү эхлүүлж байна. Сонгон шалгаруулалтын үйл явцыг ил тод, нээлттэй байлгаж, олон талт оролцоог хангахын тулд олон нийтийн төлөөллийн баг хяналт тавьж ажиллах болно.