Иргэн П.Цэрэнбадам 2019 онд нарийн гэдэсний амсар давсан хавдартай гэж оношлогдон, мэс засалд оржээ. Тухайн үед мэс засал амжилттай болсон ч хадвар нь дахисны улмаас өнөөдөр биеийн байдал нь хүнд байгаа юм. Найз нөхөд, Монголын ард түмэн нийлээд иргэн түүнд туслах хандивын аян өрнүүлж байна. Энэ аяны хүрээнд рок попын болон зохиолын дуучдын тоглолт энэ сарын 7-нд хийхээр болоод байгаа юм. Бид иргэн П.Цэрэнбадамын гэрт нь очиж, ийн ярилцлаа.
-Таны биеийн байдал хэр байна вэ. Ер нь хэзээнээс өвдөх болсон бэ?
-2019 оноос өмнө надад зовиур мэдрэгдээд байсан. Өвдөөд, доошоогоо цус гараад, ер нь бие дээрдэхгүй байлаа. Эмчид үзүүлэхэд нарийн гэдэсний амсар давсан хавдартай гэж оношлогдсон. Эмч “Хагалгаа л хийлгэхгүй бол болохгүй, өвчин нь намдахгүй. Мэс заслын заалттай юм байна” гэсэн. Тэгээд хагалгаанд 2019 онд орсон.
-Тухайн үед мэс заслын ямар нэгэн хүндрэл гарсан уу?
-Гараагүй. “Мэс засал амжилттай боллоо, халдвар тархаагүй” гэж эмч хэлсэн. Гэтэл 2-3 хоногийн дараа бие дахиж өвдөөд, оёо нь дотроо задарчихсан. Тэгээд аргагүйн эрхэнд дахиад хагалгаанд орсон. Одоо би гуурстай байдаг.
-Оёо нь яагаад задрав. Эмч нарын алдаа бий юү?
-Би энэ талаар эмч нараас асуусан. “Хавдрыг нь авсан мөртлөө яагаад ингээд дахьчихав. Яг урьдных шигээ яагаад өвдөөд байгаа юм бэ” гэж. Тэгж асуухаар “Бүрэн эдгэхгүй байна” гэдэг.
-Таны эмчилгээ нь туслах хандивын аян өрнөж байна. Хаана эмчлүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Надад туслаж байгаа Монголын ард түмэндээ үнэхээр их баярлаж байна. БНСУ, Турк улсад эмчлэх боломжтой гэсэн. Эмчлэх, эдгэх боломжтой гэсэн сайхан мэдээ сонсоод үнэхээр их баяртай сууна. Гадаад руу явж мэс засалд ороход эхний ээлжинд 200 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа.
-Хандивын аяны хүрээнд хоёр тоглолт хийнэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нэгдүгээр сарын 7-нд надад зориулсан хандивын тоглолт болно. Хоёр тоглолтын нэг нь зохиолын дуучдын, нөгөө нь рок под дуучдынх. Нэг нь өдөр, нэг нь орой болно. Хоёуланг нь нэг өдөр зохион байгуулна. Хамгийн гол нь эрүүл болж, долоон хүүхдийнхээ хажууд нь харагдаад байж байвал хэчнээн сайхан бэ. Би өөрөө эдгэрт гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа.
-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?
-Долоон хүүхэд маань 5-22 настай. Нэг нь цэцэрлэгт, бусад нь сургуульд сурдаг. Манай нөхөр элэгний хатууралтай гэж оношлогдон, эмчийн хяналтад олон жил явсан. Бүх биеэр нь хорт хавдар тархан, эмчилгээгүй болсны улмаас түрүү жил нас барсан. Ханиа алдаад үнэхээр хүнд байна. Ямар ч байсан хүүхдүүддээ дахиад тийм юм үзүүлж, бүтэн өнчин болгочихгүй юм сан гэж зорьж, зүтгэж явна.
-Та эдгэрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа гэлээ. Юу ч болж байсан итгэл найдвараа битгий алдаарай.
-За, баярлалаа. Хүн ийм урмын үг хэлэхэд миний эд эс сэргээд, “Нээрэн би ингээд зүгээр болчих юм байна” гэж боддог. Эрүүл болчихсон юм шиг санагддаг.
Би өмнө нь ямар ч үед үхэх эрхгүй, өвдөх ч эрхгүй гэж боддог байсан. Цагаа тулахаар санаагаар болдоггүй юм байна.
Өвчингүй л бол “Хоосон хонож байна, болохгүй, бүтэхгүй байна” гэж бодох хэрэггүй. Эрүүл байсан бол тэгэх байсан, ингэх байсан гэж боддог. Яалт ч үгүй ингээд өвчин тусчихаар сэтгэл санаагаар унадаг юм байна. Зорьж ирээд ярилцлага авсан “Өрөг.мн” сайтын хамт олонд баярлалаа. Эрүүл болчихоод эргээд уулзана аа. Өвчин зовлонгоос салж, эрүүл саруул болоод, үр хүүхэдтэйгээ эрүүл саруул, элэг бүтэн амьдрахыг л хүсэж байна.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5434449854 /Б.АНХБАЯР ТОМ ХҮҮ/