Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байгаагаас Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Баян-Өлгий аймгийн Булган, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баянхонгор аймгийн Заг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумуудад 10-20.0 см, Увс, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 5-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цас тогтжээ.
Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна.
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 сум зудын эрсдэл их бөгөөд дээрх аймаг, сумдад 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна. Цаашид ч цагийн байдал хүндэрч, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо ихсэх хандлагатай байгааг дурьдах нь зүйтэй.
Энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тундас дундаж байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна” гэлээ.