Зах зээлийн үнэлгээгээр БНСУ-д гуравдугаарт бичигдэх, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч LG Uplus корпорацийн гэрлээгүй эрэгтэй ажилтан гэр бүлтэй хамтран ажиллагсдынхаа хүртдэгтэй ижил төрлийн урамшуулал хүртэхээр болсныг тус компани Даваа гарагт мэдэгдлээ.
LG Uplus нь амьдралынхаа гол сонголтыг хэрхэн шийдэх тухай хуучирсан ойлголтыг арилгахыг эрмэлзэж буй ажилчдынхаа шаардлагын дагуу ийм шийдвэрт хүрснээ хэлсэн байна.
"Би гэрлэхээс татгалзаж байгаа нь миний гэр бүлийн байдлын тухай тайлбараас өөр зүйл биш бөгөөд энэ нь би ганцаараа амьдардаг гэсэн үг биш. Хүн бүр өөр өөр амьдралын сонголт, өөр өөр нөхцөл байдалтай байдаг" гэж тус компанийн ажилтан цахим сүлжээнд нийтэлж, шинэ шийдвэрт баяртай байгаагаа хуваалцжээ.
LG Групп нь ажилчдын амьдралын олон талт сонголтыг хүндэтгэх үүднээс шинэчлэн сайжруулсан тэтгэмжийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Шийдвэр хэрэгжиж эхэлснээр ганц бие ажилтнууддаа нэг сарын үндсэн цалин, таван өдрийн цалинтай чөлөө олгосон байна. Тус группын ажилтнууд тэтгэмж авсан анхны LG Uplus ажилтан болсноо баяртайгаар хуваалцсан байна.
Уг урамшуулалд таваас доошгүй жил ажилласан туршлагатай, 38 ба түүнээс дээш насны хүмүүс хамрагдах боломжтой гэнэ. Хэрвээ урамшуулалд хамрагдсан хүмүүс сэтгэл санаагаа өөрчилж, гэрлэхээр шийдсэн тохиолдолд нэмэлт тэтгэмж авах эрхгүй болно. Түүнчлэн тэд урамшуулал авснаас хойш дор хаяж хоёр жил гэрлээгүй байж, компанид ажиллах ёстой, эс тэгвээс мөнгөө бүрэн буцааж өгөх ёстой юм байна.
Эх сурвалж: Кorea Times