“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Шинэбаярыг урилаа. Тэрээр агуу хайрын түүхийг өгүүлэх “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүр, “Аав” киноны гол дүрээрээ олонд танигдсан залуу, чадварлаг жүжигчин билээ.
Сайн байна уу. Та жүжигчин мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
Би Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг. 2013 онд СУИС-ийг МУГЖ Л.Дэмидбаатар, МУГЖ Л.Лхасүрэн, МУГЖ Л.Чаминчулуун багшийнхаа удирдлагад төгссөн. Үүнээс хойш яг арав дахь жилдээ Улсын драмын эрдмийн театр гэх нэгэн өрх айлын гишүүн нь болоод явж байна.
Жүжигчин хүн цаг наргүй ажилладаг. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?
Аав ээж хоёр маань хоёулаа төмөр замын хүн. Аав маань “Ган зам” пресст эх бэлтгэгч, ээж маань насаараа продник хийж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байдаг. Тэр хоёр намайг төмөр замын хүн болгох сонирхолтой байсан. Би өөрийн хүсэл мөрөөдлөөрөө жүжигчин мэргэжлийг хэдийн сонгосон байса. Арван жилдээ ч хамтлаг, дуу гэж их хөөдөг байсан. “Би заавал жүжигчин болно” гэж зүтгэсэн. Тухайн үед ээж маань “Маш хүнд, хэцүү мэргэжил шүү дээ, миний хүү” гээд хэлж байсан.
Жүжигчин болох хүсэл, мөрөөдөлтэй, түүгээр өвчилсөн хүүхдийн хувьд зурагтаар гарах, үзэж байгаа хүмүүс шигээ болох гэдэг мөрөөдөл байсан учраас надад тэр нь их бодогдоогүй.
СУИС-д ороод, хамгийн эхний хичээлээсээ ирээд л “За, ийм зүйл байдаг юм байна. Зах зух нь ийм байна” гэж ойлгосон. Цаашаа үргэлжлэх тусам, оюутан байхаасаа эхлээд л ээж аавдаа үзэгдэхгүй, цаг наргүй явдаг байсан.
Их сургуулиа төгсөөд, Улсын драмын эрдмийн театрт ороход ч яг адилхан байсан. Залуу уран бүтээлч учир бүх зүйлээ дайчилж байж энэ байгууллагад цаашдаа уран бүтээлд орно, оршин тогтноно. Өөрийгөө дайчилж, цаг наргүй л ажилладаг байсан. Хэзээ бидний мэргэжлийн жаахан хүнд, хэцүүхэн, цаг наргүй зүйл нь дуусах бол гэж одоо хүртэл боддог. Гэхдээ энэ нь хэзээ ч дуусдаггүй юм байна лээ. Үүнийг маш сайн ойлгох гэр бүл байх хэрэгтэй юм байна.
Цахим орчинд гэр бүлийнхээ тухай төдийлөн дэлгээд байдаггүй юм шиг санагддаг. Гэр бүлийнхээ тухай хуваалцвал?
Би хүү, охин хоёртой. Эхнэртэйгээ ам бүл дөрвүүлээ амьдардаг. Миний хувьд хувийн амьдралаа олонд дэлгээд, ярих дургүй.
Миний өөрийн ертөнц оршдог, гэр бүлийн аз жаргал, баяр баясал, гомдол, гутрал, гуниг зэрэг бүх зүйл оршдог учраас хувийн амьдрал хувийнхаараа л байх ёстой гэж ойлгодог. Түмэнд дэлгээд байвал хувийн биш болчихно. Хамгийн үнэ цэнтэй, зүрх сэтгэлд оршдог, нэн тэргүүнд тавих амьдрал маань байгаа учраас түүнийг хэн нэгэнд зарлахыг хүсдэггүй.
Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Ажил дээрээ, тайзан дээр гарахдаа “Би хийхгүй бол хэн хийх вэ. Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ” гэж их боддог байсан.
Гэр бүлдээ ч энэ зарчмаа баримталдаг. Би гэр бүлийнхээ хувьд өрхийн тэргүүн, ноён нуруу. Үр хүүхдүүдийнхээ хувьд аав гэдэг айхтар том үүрэгтэй. Би байхгүй бол өнөөдөр гэр бүлдээ зориулах энэ их хайрыг надаас өөр хэн ч түгээж чадахгүй. Өөр хэн ч намайг орлож чадахгүй.
Та хүүхдүүддээ юу үлдээхийг хүсдэг вэ?
Манай том таван настай. Бага нь хоёр настай. Хүүхдүүддээ аавтайгаа өнгөрүүлсэн гоё, сайхан дурсамжуудтай байлгахыг л хүсдэг. Хааяа ажлаасаа орж ирээд, ядраад шууд унтлаа гэхэд охин “Та надтай өмнөх шигээ ингэж гоё тогло” гэдэг. Хүүхдийн дурсамжид бүх зүйл суудаг. Хүүхдэдээ гэр бүлээрээ, халуун дотго байсан дурсамжуудыг гоё, сайхнаар бүтээж өгөхийг хамгийн их хүсдэг.
Хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
Би хүүхдүүдээ нэгдүгээрт хүмүүжилтэй болоосой гэж хүсдэг. Үүний араас мэдээж ёс суртахуунтай, боловсролтой, ирээдүйд хэнээс ч юу ч гуйхгүйгээр сайхан амьдралыг бий болгох чадалтай, өөрийн гэсэн ухаантай, үзэл бодолтой, хичээнгүй, юуны төлөө хичээж байгаагаа ойлгож, ухаардаг, амьдралын боловсролтой хүмүүс болоосой л гэж боддог.
Та өөрийнхөө аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн гоё дурсамжуудаасаа хуваалцаач?
Би айлын ганц хүүхэд. Аав, ээж гурвуулаа амьдардаг. Баяр бүрээр ээж байхад л хамгийн гоё байдаг. Шинэ жил, цагаан сар, наадам гээд. Ээж маань төмөр замын продник учраас маш олон хоногоор явдаг. Тэр үед нь яг баяр таарахад аавтайгаа үлдээд баярладаг. Ээж баяраар ирчихвэл хамгийн гоё, жаргалтай, бүрэн бүтэн болчихсон юм шиг санагддаг байсан. Гэр бүлээрээ баярласан баярууд надад маш гоё дурсамжуудыг үлдээсэн байдаг.
Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун хүн бэ?
Би өөрийгөө маш баян хүн гэж боддог. Энэ цаг хугацааг, энэ цаг мөчид нь маш гайхамшигтай сайхнаар хадгалж, үүрд мөнх ийм гоё байгаасай гэж боддог. Ижий, аав, гэр бүл, үр хүүхдүүд маань байна. Энэ хүмүүстэйгээ хамт баярлаж, инээлдэж, хөхрөөд, баяр бүрийг гоё тэмдэглэнэ. Хамт байгаа энэ мөчүүд, элэг бүтэн амьдрал гэдэг хүнд юу юунаас илүүтэй хамгийн гоё баялаг. Яг одоогийн амьдралдаа би маш их хайртай.
Жүжигчин мэргэжлийн хамгийн гоё зүйл нь юу вэ?
Ямар нэгэн уран бүтээл үзэгчдэд хүрээд, жаргахдаа тэр хүмүүсийн алга ташилтаас авдаг мэдрэмж миний сэтгэлд хамгийн сайхан байдаг. Мөн үзэгчдийн сэтгэгдлүүд бидэнд маш их урам, хүч өгдөг. Өөрийн оролцоотойгоор хийж буй жүжиг, дүрийн илэрхийлэмж хэн нэгэн хүнд хүрч байна гэдэг нь миний хувьд маш сайхан байдаг. Энэ мэргэжлийн хамгийн гоё зүйлс нь тухайн хувь уран бүтээлч, жүжигчин гэхээс илүү уран бүтээлд хэрхэн яаж хандаж, хэрхэн, яаж гарч байна вэ, юуг илэрхийлж, өгүүлж байгаа вэ гэдэг нь л маш чухал.
Жүжигчийн мэргэжлийн үнэ цэн хаана оршдог вэ?
Хүн өөрийгөө олно гэхээс илүү өөрийгөө бүтээдэг. Түүнтэй адил Б.Шинэбаяр гэдэг хүн төрөхөөсөө эхлээд өнөөдрийг хүртэл 30 гаруй жилийн амьдралынхаа түүхийг бичиж байна. Энэ хугацаанд, миний амьдралд тодорхой хэмжээнд ороод, гарсан ч ухаарал, бодролыг, буруу зүйл хийж байхад зөвийг нь мэдрүүлсэн зэрэг түүхэнд оролцож байгаа энэ хүмүүс миний хувьд маш үнэ цэнтэй.
Би өөрөө дурсамжаа бүтээж байгаатай адил хэн нэгний дурсамжийг нь хамтдаа бүтээлцэж байгаа гэсэн үг. Тиймээс жүжигчин мэргэжлийн хамгийн гол давуу тал нь тодорхой нэг хувь хүнээрээ биш, тодорхой нэг дүрээрээ хэн нэгний зүрхэнд, тархинд үлдэж байна гэдэг хамгийн үнэ цэнтэй.
Та бидэнд ирэх оны зорилго, төлөвлөгөөнөөс хуваалцаач?
2023 онд Улсын драмын эрдмийн театр хамгийн түрүүнд “Инээмтгий хүн” жүжгийг нээнэ. Үргэлжлүүлээд “Тамгагүй төр” жүжиг Англид тоглолтоо хийх бэлтгэл ажлууд оноос өмнө эхэлсэн. Ирээд, миний хувьд чадвал зун, чадахгүй бол намраас хувийн дэлгэцийн уран бүтээл рүү оръё гэсэн бодол байна.
2023 ондоо та бүхэн маань эрүүл энх, аз жаргалтай, элэг бүтэн, хамгийн сайхнаараа, хамгийн чадлаараа, амжилт, баяр баясалтайгаар өнгөрүүлээрэй. Хичээгээрэй. Бүгдэд нь амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн арвин амжилт хүсье.
Видеог дээрээс үзнэ үү.