2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд 22.40 минутад Баянзүрх дүүргийн иргэн Б эмнэлгийн тусламж авч амжилгүй, “Өргөө” амаржихын гадна, автомашиндаа амаржсан. Энэ асуудлаар бид “Өргөө” амаржихын удирдлага, тухайн өдөр ажилласан эмч, эх баригчдаас өчигдөр тодруулсан билээ. Тэд “Нөхөр нь тодорхой мэдээлэл хангалттай өгөөгүйн улмаас шуурхай арга хэмжээ авч амжаагүй. Хүүхдийн толгой нь гарчихсан байсан тул автомашинд төрүүлэхээс өөр арга байгаагүй” гэсэн юм.
Тэгвэл автомашинд мэндэлсэн нярайн бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “Эх, нярайн биеийн байдал хэвийн, тогтвортой байгаа. Одоогоор эмчийн хяналтад, эмчлүүлж байна. Нярайн биеийн байдал муудсан гэх мэдээлэл цацагдсаныг харсан. Ташаа мэдээлэл” гэлээ.