Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.01.03/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр албаныхан "Нийслэлд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-нөөс 20-ныг дуустал хугацаанд үргэлжилнэ. Орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хорооны хэмжээнд нэгэн зэрэг явагдах юм. Анх удаа бүртгүүлж байгаа буюу 18 нас хүрсэн иргэд болон цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээсэн хүмүүс хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэнэ.
Иргэд зургаан дүүрэгт байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр орж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна, И-Монголиа цахим систем ашиглан бүртгүүлнэ. Ингэснээр орон зайнаас үл хамаарч бүртгүүлэх, цаг заваа хэмнэх давуу тал бий болж байна. Цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байгаагийн гол үр дүн нь гадаадад байгаа болон харьяа газраасаа хол яваа хүмүүст боломж олгож байгаа юм.
Өмнөх жилүүдэд цэргийн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд хариуцлага тооцож, торгоогүй. Учир нь цахим систем нэвтрээгүй байсан. Мөн цар тахлын үед иргэдийнхээ амьжиргааг харгалзаж үзсэн юм. Харин одоо хэдийд ч хаанаас ч бүртгүүлэх боломжтой болсон учраас бүртгэлээ хийлгээгүй иргэдийг торгож эхлэхийг анхааруулъя” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.