“Өргөө” амаржих газарт амаржихаар очсон 26 настай эмэгтэй дотогш орж чадалгүй машиндаа амаржсан асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. “Өргөө” амаржих газрын удирдлагууд “Тухайн эмэгтэйн төрөх үйл явц эхэлчихсэн байсан учраас машинд нь амаржуулсан. Тэд буруу хаалгаар ирсэн” хэмээн тайлбар өгөөд байна. Харин ар гэрийнхэн нь удаа дараа очиход хүлээж аваагүй хэмээн гомдолтой байна. Энэ асуудлаар манай сурвалжлагч Б.Буяндалай эмнэлгийн удирдлагуудаас яг одоо тодруулж байна. Эмнэлгийн ажилтнуудын яриаг хүргэе.
"…Манай эмнэлгийн зүгээс харьяаллын бус гээд олон дахин буцаасан зүйл байхгүй гэдгийг хэлье. Эмнэлгийн гадна амаржсан асуудалд нь уучлал хүсэж байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Ээжийг амаржсаны дараагаар шилжүүлэх ямар ч боломжгүй байсан тул ариутгасан багаж материалаа аваачиж туслалцаа үзүүллээ.
Мөн хүлээн авах тасгийн эмч хэлэхдээ “Тухайн өдөр нөхөр нь орж ирээд “Хүн үзүүлэх гэсэн юм. Хүлээн авах нь мөн үү” гэж асуусан. Одоо машинд байгаа. Бие нь өвдөөд байна гэж хэлсэн. Хариуд нь би “Харьяалал нь аль дүүрэг вэ” гэхэд регистрын дугаарыг нь мэдэхгүй байсан. Гүйж гараад буцаж орж ирэхдээ “Толгой нь гарчихлаа” гэсэн. Юу юугүй төрөх дөхчихсөн гэж ямар нэг ч мэдээлэл ерөөсөө өгөөгүй.
Ингээд эмч нар очиход хүүхдийн толгой нь гарчихсан байсан. Ингээд төрүүлж, хүүхдийг дулаацуулах арга хэмжээ авсан. Дотогш оруулах хүртэл хамт байж, үнэлгээгээ өгөөд явж байсан. “Юу юугүй төрөх нь ээ. Явж чадахгүй байна” гэсэн бол арай өөр шүү дээ. Шууд очоод яаралтай тусална. Өвдөж байна л гэж хэлсэн.
Бид төрөх дөхсөн хүнийг хараад ямар байгааг нь шууд мэддэг. Гэтэл нөхөр нь эхнэрээ оруулж ирээгүй. Манай байгууллага тодорхой тусламжаа үзүүлсэн гэж бодож байна. Ээжийг эмнэлэгт оруулж, шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн. Нярайг нярайн эрчимт эмчилгээний эмч нар үзэж, үнэлсэн. Одоогоор эх нярай хэвийн байна.
Мэдээж гадаа хүйтэн байсан. Гэхдээ машины хаалгаа айхтар дэлгээгүй. Бид тусламж үзүүлж байна. Та хаалгаа хаагаач ээ гэхэд аав нь зөвшөөрөхгүй байсан.
Тухайн аавын тухайд 2022 оны 12 сарын 31-ны өдрийн 22 цаг 42 минутад хаалгаар орж ирсэн. Хугацаа алдаж чирэгдэл учруулсан зүйл байхгүй. Мэдээлэл муутайн улмаас хаалгаа андуурч ирсэн асуудал" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.