УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2022.01.02/ төрөөс баталгаа гаргадаг зээл, төсөл хөтөлбөрүүдийг улстөрчид болон түүний хамаарал бүхий этгээд авахыг хориглох агуулгатай хуулийн төсөл өргөн барьж буй талаараа мэдээллээ. Учир нь өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Хөгжлийн банкнаас олгох зээлийн санхүүжилтийг улстөрчид өөрсдөө болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авсан зөрчил ихээр гарсан. Тиймээс энэ гажуудлыг хуулиар өөрчлөх ёстой гэж үзэж байна. Тэрбээр энэ тухай “Улстөрчид, өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгө завшиж, хариуцлага хүлээж байна. Энэ байдалд бид цэг тавих ёстой. Оны өмнө Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Харин одоо тогтолцооны, хуулийн засаглалын асуудалд анхаарах ёстой. Төрийн зээл тусламжийг жинхэнэ эзэн нь авдаг хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх нь хамгийн чухал. Тиймээс энэ хуулийн төслөөр шат шатны улстөрийн албан тушаалтнууд Засгийн газраас баталгаа гаргасан зээлийн тусламж авахыг хориглох хуулийн төслөө боловсрууллаа. Би оны 12 сарын 21-ний өдөр хуулийн төслөө өргөн барьсан боловч, удаан хүлээлгэж байж хүлээж авсан. Одоо энэ хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэж байна.
Төрөөс баталгаа гаргасан зээл, хөтөлбөрүүдийг улстөрд хамаарал бүхий этгээдүүд авч завшдаг байж болохгүй. Энэ хууль Монголд хуулийн засаглал байна уу, хулгай хийдэг Засгийн газар байна уу гэдгийг бид харах цаг ирлээ. Гадна, дотноос санхүүжилт татаж ирчихээд дарга нар өөрсдөө авчихдаг гажуудлыг засах цаг болсон.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.