УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.
"2022 онд гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдсэн сорилт, бэрхшээл чамгүй байлаа. Тэр хэрээр ухаарал эргэцүүлэл, туршлага сургамж үлдээж, Монголын түүхийн нэгэн онцлог хуудас бичигдэн үлдэж байна.
Ирэх 2023 он Монгол Улсын хувьд нийгмийн зөвшилцлийг хангаж, бугшмал асуудлуудаа даван туулах, алдаа дутагдлаа засаж, тогтолцооны шинэчлэл хийх, үнийн өсөлтийг зогсоох, экспорт, үйлдвэржилтийг идэвхжүүлэх зэрэг томоохон сорилтуудыг шийдэх жил байх болно.
Энэ зорилгоор эдийн засаг, нийгэм, улс төр, засаглалын реформ хийх Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг УИХ-аас дэвшүүлж ажиллана. Нийгэмд нэгэнт үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно.
Бурууг засах, зөвийг зорих шинэ эрчим, давалгаа нийт Монголыг хамарч байна. Энэ бол сэргэн мандсан шинэ Монголын түүхийг эхлүүлж, хөгжил дэвшлийн гэгээн ирээдүйг зорих нийт монгол түмний эрмэлзэл юм. Энэ эрмэлзлийг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал тууштай дэмжиж, ард түмэнтэйгээ ямагт хамт байх болно.
Монгол эх орон маань сэргэн мандлын замдаа тууштай орж, Монгол түмний минь золбоо хийморь бадран мандах болтугай.
Шинэ 2023 оноо айл өрх, ахан дүүсээрээ урам зориг дүүрэн, сайхан угтаарай" гэлээ.