Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ жилийн мэндчидгээг хүргэж байна.
Тэрбээр, Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш монголчууд бид ийнхүү 30 дахь шинэ жилээ тэмдэглэж байна. Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн А үсэг заалгаж байсан манай үеийнхэн өнгөрсөн 30 жилийн нийгмийн шилжилтийн цаг хугацааны оноо алдааны гэрч гэхэд хилсдэхгүй биз ээ. Хүний эрх хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургальч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон чухал үнэт зүйлс Монгол хөрсөнд соёолон ургажээ.
Харамсалтай нь шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч уул уурхайг тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсч, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хахууль бүх шатанд гүнзгийрсэн нь гашуун үнэн. Тиймээс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна.
Улиран одож буй 2022 он цар тахлын болон олон улсын геополитикийн хямралт байдлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад бүхэлдээ чиглэгдлээ. Харин 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд он солигдох торгон заагт нийт монголчууддаа итгэл төгс мэдэгдэж байна.
2023 онд Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлсэн жил байх болно. 2023 онд хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа эргэн шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн жил байх болно. 2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно. 2023 онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шийдэж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдаж шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно. 2023 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх болно" гэлээ.