Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -24…-30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30…-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12…-18°С, бусад нутгаар -18…-24°C хүйтэн байдаг.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг дулаан. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр температур өмнөх үеэсээ хүйтэрнэ. Арав хоногуудын эхэн үеээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур 4–6°С-аар хүйтэрнэ.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим , хур тунадас Хэнтийн баруун болон Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас 3–5°С-аар хүйтрэнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн ихэнх, Говьсүмбэрийн нутаг болон Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дундаас гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар температур олон жилийн дунджаас 2–3°С-ээр хүйтэрнэ.
Гурван арав хоногийн дунд болон сүүлч үеүдээр ихэнх нутгаар бага зэрэг цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 3–4°С-ээр хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд говийн аймгуудын нутгаар орох давтамж их байна.
Эх сурвалж: ЦУОШГ