"Талархал 2022" контентын ээлжит зочноор NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг оролцлоо. Түүний яриаг хүргэе.
"…2022 он Монголчууд нэгдэж чадсан жил байлаа гэж дүгнэж байна. Нийгэмд бухимдалтай зүйл олон байгаа ч гэсэн түүний эсрэг хүчээ нэгтгээд зүтгэвэл бид амжилт олж чадах, санаа зорилго нэгтэй байж чадах ард түмэн гэдгээ нотолсон хоёр ч том жагсаал боллоо гэж үзэж байна. Өмнө нь төрд алдаа дутагдал байгааг шүүмжлээд байхад чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг байсан. Гэтэл үнэн хэрэгтээ төр хөгжсөн орнуудын сайн жишээгээр алдаа байгаагаа хүлээн зөвшөөрөөд, засаад урагшаа алхах нь чухал юм болоод байна.
2022 онд эрх баригчид “бид буруу” явж байжээ" гэдгээ тодорхой хэмжээгээр ойлгосон байх. Иргэд үнэхээр бухимдаад байгааг олж харсан болов уу. Тэр дундуур захиалгатай, зорилттой, тэмцэгч нэр зүүсэн хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ жинхнээсээ бухимдсан иргэд байсан учраас жагсаалыг хүчтэй болгосон. Иргэд нэгдээд шударга бусын эсрэг тэмцэх сэтгэл зүрх, нийгмийн тохироо нь бүрдсэн байсан нь сайн тал юм болов уу. Бид тусгаар тогтнолоо олж аваад тийм ч удаагүй ард түмэн. Ардчилалтайгаа золгосон 30 жилд бид алдаа оноотой л урагшилж ирсэн. Гэхдээ үүнийгээ илүү сайжруулах ёстой юм байна гэдгийг ойлгосон жил болсон байх гэж бодож байна.
Сэтгүүлчид мянга “хуцаад”, нийгмийн хоточ нохойны үүргээ гүйцэтгээд ч зарим тохиолдолд редакцийн цензур гэдэг юман дээр унадаг. Энэ оны онцлох үйл явдал нь иргэд нэгдэж чадсан явдал гэж харж байна. Иргэддээ талархъя аа.
Урлаг спортынхныгоо ч бас орхиж болохгүй. Тэд хэнд ч гайхуулахгүйгээр, гавьяа шагнал авахгүйгээр хийсээр, бүтээсээр байгаа гэдгийг цохон тэмдэглэх ёстой. Бид талхны мөнгө, бухимдлаа хараад, тэднийхээ хийж бүтээсэн зүйлийг хажуугаараа өнгөрөөчихсөн байж болох юм. Энэ өдрүүдэд тэднийхээ гавьяа шагналыг ард түмнээрээ, олуулаа эргэж харах нь чухал” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.