Авьяаслаг залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ 2022 онд уран бүтээлийн “ганзага” дүүрэн байлаа.
Түүний тоглосон “Тэгри чину”, Эргэж ирэхгүй намар” кино 2022 онд үзэгчдийн хүртээл болж шуугиуллаа. Цаанаа нэг адтай, авьяаслаг, хэрсүү түүнийг “Солиот эх” киноны гол дүрд тоглосноор нь хүмүүс илүү сайн мэднэ.
Найруулагч, жүжигчин Б.Гарамхандын хүү Г.Тэнүүн-Эрдэнэ дөнгөж 14 настай ч 13 кинонд дүр бүтээн, тун ч авьяаслаг жүжигчин болох ирээдүйтэйгээ харуулсаар байна. “Urug.mn” сайтаас шинэ жилийн баярт зориулан бэлтгэсэн “Талархал” контентод түүнийг оролцууллаа.
Г.Тэнүүн-Эрдэнэ “Би 14 настай, наймдугаар анги. Манай аавыг Гарамханд гэдэг, найруулагч мэргэжилтэй. “Итгэл”, “Зориг” гэх мэт кинонуудыг найруулсан.
Би тавуулаа амьдардаг. Одоогоор 113 кинонд тоглоод байна. Хамгийн анх “Боловсрол” телевизийн “Гэрлэн дохио” кинонд тоглож байсан. Дараа нь “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Илд цэцэг”, “Солиот эх” кинонд тоглосон. “
2022 онд миний тоглсон “Тэгри чину”, “Эргэж ирэхгүй намар” кино нээлтээ хийлээ. Одоо нээлтээ хийгээгүй байгаа хэдэн кино бий.
“Эргэж ирэхгүй намар” гурван жил хүлээгдэж, 2022 онд олны хүртээл боллоо. “Ковид-19”-өөс болоод хойшлоод байсан юм.
2022 онд би олон зүйл сурлаа. Би камерын өмнө өөрийнхөөрөө байж сурсан. “Эргэж ирэхгүй намар” киноны хамтрагч Амараа ах кино зургийн гадуур ч надтай найз юм шиг харилцдаг байсан. Жаахан хүүхэд надтай “Анд аа” гэж яриад. Намайг дүрд нь оруулах гээд, амьдрал дээр тийм байлгасан. Тэгсэн нь дүрдээ ороход амархан байлаа.
2022 онд би англи хэлээ ахьсан түвшинд хүргэхийг зорьсон. Ер нь гайгүй амжилттай явж байгаа.
Монголд амьдрахын давуу тал гэхээр, би энэ асуултад яг онож хариулж чадахгүй байна. Чаддаг юмаа, дуртай зүйлээ тултал нь хий. Тэгвэл сэтгэл зүйн хувьд түүнээсээ сэтгэл ханамж авна, Монголдоо сайхан амьдарч чадна.
Өв соёл бол үнэхээр гайхамшигтай зүйл. Өв соёлоо алдана гэдэг аягүй харамсалтай зүйл. Тиймээс өв соёл, ёс, уламжлалаа хойч үедээ аль болох өвлүүлээд явах нь зөв.
Их сургуулиа гадаадад суръя гэж бодож байгаа. Миний цаашдын зорилго гэвэл, продюсер болоод, өөрөө өөрийнхөө киног хийнэ гэж боддог.
Би гадаадад сурсан мэдлэгээ Монголд өөрөө оруулж ирээд, тэр соёлыг нэвтрүүлээд, Монголын кино урлагийг холливудэд гаргахыг хичээнэ.
2023 ондоо аз жаргалтай, эрүүл энх байхыг үзэж байгаа бүх хүмүүстээ хүсье. Бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе” гэлээ.