Кикбоксчин асан, сошиал од Эндрю Тэйт дүүгийн хамтаар хүн худалдаалах гэмт хэрэг болон хүчингий хэргээр Румын улсад баривчлагджээ.
Тэднээс гадна дахиад хоёр хүнийг баривчилсан байгаа юм. Прокурорууд ах дүү хоёрт энэ оны дөрөвдүгээр сараас хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйгаа мэдэгдсэн байна. Тодруулбал, тэднийг охид эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, нүцгэн зураг бичлэгийг нь цахим сүлжээнд байршуулдаг зохион байгуулалттай бүлэглэлд байдаг хэмээн сэжиглэж байна.
Түүнчлэн тэднийг энэ хэргээр маш их хэмжээний мөнгө олох боломжтой байсныг хэлжээ. Албаныхан одоогоор тэднээс болж бие махбодиороо хохирсон гэх зургаан эмэгтэйг мэдэж байгаа гэсэн юм.
Эндрю Тэйт нь АНУ-д төрсөн бөгөөд АНУ, Их Британийн иргэншилтэй. АНУ-ын төрийн департмэнт энэ хэргийн талаар мэдэж байснаа хэлсэн бол Их Британийн гадаад хэргийн яамнаас тусламж үзүүлэхгүй гэж мэдэгджээ.
Эндрю Тэйтийн эргэн тойрон дахь асуудлууд үүгээр дуусахгүй. Баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө тэрээр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан Шведийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг активист Грета Тунберг-т хандан “Би маш их хий ялгаруулдаг 33 машинтай” гэж жиргэсэн юм. Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг егөөдсөн гэж Твиттер хэрэглэгчид бухимдалтай байгаа. Харин Грета Турнберг Эндрю Тэйт-д зориулж “хийх юмгүй” гэсэн утга бүхий жиргээгээр хариу барьсан юм.
Эндрю Тэйт нь өөртөө “эр хүн” гэх имиджийг буруу бүрдүүлж, сошиал сувгуудаараа тансаг, ганган хэрэглээ болон охид бүсгүйчүүдтэй зугаацаж байгаа зураг бичлэгээ идэвхтэй цацаж олон дагагчидтай болсон байдаг. Тэрээр хувийн нисдэг тэрэг, үнэтэй машин, тансаг аялалд явж байгаа бичлэгүүдээ оруулдаг байсан нь залуу эрэгтэйчүүдийг буруу сонирхолд татаж байна гэх шүүмжлэлийг дагуулдаг байсан юм. Түүнчлэн цахим сүлжээнд түүний ашигладаг үг хэллэгнээс болж олон ч цахим платформ эрхийг нь хаасан бол Элон Маск Твиттерийг худалдан авмагцаа түүний хаягийг нээгээд удаагүй байгаа нь энэ билээ.
Эх сурвалж: REUTERS