Өрөг.мн сайт шинэ оныг угтаж "Талархал" контентоо хүргэж байна. Энэ контентоороо дамжуулан 2022 онд тохиосон гэрэл гэгээтэй амжилтууд, баярлаж талархах шалтгааныг онцлон хүргэж байгаа юм. Энэ удаагийн зочноор "Грийн гэйт Интернэшнл компанийн" захирал Т.Уранжаргал оролцлоо. Ингээд түүний яриаг хүргэе.
"…Миний хувьд 2022 онд талархах хамгийн том шалтгаан нь Монголын компаниуд дэлхийн зах гарсан, Монгол менежерүүд олон улсад байр сууриа бэхжүүлсэн явдал байлаа. Манай "Грийн гэйт интернэшнл" компани бол Монос группын хамгийн отгон охин компаниудын нэг. Бид дөрөвхөн жилийн дотор амжилтаа эрчимтэй ахиулж, 2022 онд группынхээ шилдэг компаниар шалгарлаа. Хийж бүтээж буй бүхэн маань Монголдоо төдийгүй, дэлхий дахинд үнэлэгдэж буйг харах үнэхээр бахархалтай, талархалтай байна.
Цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил манай компани төдийгүй бизнесийнхэнд сорилттой үе болж өнгөрсөн. Гэхдээ бид хамтын хүчээр, зөв менежментээр давж гарлаа. Манай хамт олон энэ онд өөрсдийн импортоор оруулж ирдэг хэд хэдэн брэндийнхээ шилдэг дистрибютерээр шалгарсан. 83 улсаас манлайлж чадсан нь том амжилт боллоо. Хэдийгээр манай улс жижиг зах зээл ч гэлээ бид дэлхийн брэндийг Монголдоо нутагшуулах ажил дээрээ манлайлж чадсан болов уу гэж харж байна. Мөн Германаас оруулж ирдэг, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийхээ зах зээлийн шилдэг нэвтрэлтийн шагналыг хүртсэн. Түүнчлэн Babybio брэнд дээр хамгийн өсөлттэй зах зээлээр шалгарлаа.
Саяхныг хүртэл дэлхийн брэндүүд, нийлүүлэгчид Монголыг мэддэггүй байлаа. Гэтэл өнөөдөр олон улсын томоохон компаниуд
"Монголд салбараа нээмээр байна,бүтээгдэхүүнээ нийлүүлмээр байна" гэж сонирхож холбогддог болсон. Энэ бол Монгол улс
жижиг зах зээл биш болсныг харуулж байна" гэж харж болно. Монголын зах зээл дэлхийд танигдаж байгаа нэг шалтгаан бол менежерүүдийн ур чадвар. Манай менежерүүдийг дэлхийн олон улс урьж, сургалт авч байна. "Та бүхэн ирж туршлагаа хуваалцаач, тэр улсын ментор хийгээд өгөөч" гэж ханддаг болсон. Энэ бол бид дараагийн түвшинд гарахад аль хэдийнэ бэлтгэгдсэн байна гэдгийг илүүтэй харуулсан үйл явдал болж байна. Энэ амжилтаа бид 2022 ондоо улам батжуулж чадсандаа бид маш их баярлаж талархаж байна. Монголын компаниуд олон улсад гараад, салбараа байгуулаад явж байгааг харахад үнэхээр сайхан байдаг. Манай менежер Францад очоод туршлагаа хуваалцаж байсан, мөн өөр нэг менежер 100 гаруй улсын менежерүүдэд туршлагаа хуваалцсан. Эндээс харахад бид ажилчдаа олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд гаргаж бэлтгэж чадсан байна.
Нийт хамт олондоо, хамтран зүтгэсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. 2023 ондоо, дараа дараагийн жилүүддээ илүү амжилттай, аз жаргалтай ажиллана гэдэгт итгэлтэй байна. Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлаарай".
Бичлэгийг дээрээс үзнэ үү.